Эрдэнэт үйлдвэрийн эрсдэл хариуцсан ажилтнуудад, эрсдэл тодорхойлох, эрсдэлийн үнэлгээ хийх чадамжийг нь дээшлүүлэх, эрсдэлийн удирдлага хариуцсан нэгжийн ажилтнуудад эрсдэлийн удирдлагын аргуудаас эзэмшүүлж, мэргэшүүлэх зорилгоор “Эрсдэлийн удирдлагын аргууд” сургалт боллоо. Сургалтыг үйлдвэрийн Дотоод хяналт, мониторингийн хэлтсээс зохион байгуулж, МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш, доктор, дэд профессор Ч.Анхбаяр эрсдэл хариуцсан 65 ажилтанд эрсдэлийн удирдлагын аргуудын талаар хичээл заав.
Тэрээр сургалтын явц болон Эрдэнэт үйлдвэрийн эрсдэлийн үйл ажиллагааны талаар дүгнэхдээ, “Эрдэнэт үйлдвэрийн ажилтнууддаа хоёр өдрийн турш сургалт явуулж, Эрдэнэт үйлдвэрийн цех, нэгжийн эрсдэлийн үйл ажиллагаатай танилцахад олон үр дүнтэй ажлууд хийгдсэн нь харагдлаа. Эрсдэлийн бодлогын бичиг баримт, эрсдэлийн тайлан, зохицуулалт болон арга зүйн үндсэн бааз суурийн ажлууд хэдийнээ хийгдээд, жигдэрсэн байна. Харин цаашид анхаарах зарим асуудал, онол практикийн ойлголтуудыг нэгтгэж энэ сургалтаараа дамжуулан өгөхийг зорилоо. Тухайлбал, тулгамдаж буй эрсдэлийг тодорхойлохдоо асуудал, эрсдэл хоёрыг хэрхэн ялгах, зөв ангилах арга техникүүд, зөв ялгаж, ангилах нь цаашдын үйл ажиллагаанд ямар нөлөө үзүүлэх вэ гэдгийг онцолсон. Мөн тодорхойлсон эрсдэлийг хэрхэн үнэлэх, эрсдэлийн түвшин дээр үндэслэж ямар шийдвэр гаргаж болох вэ зэрэг сэдвээр тодорхой мэдлэг өглөө” гэсэн юм.
“Дотоод хяналт, мониторингийн хэлтсээс үйлдвэрийн хэмжээнд 2024 оны “Эрсдэлийн хариу арга хэмжээний төлөвлөгөө”-ний биелэлтийг дүгнэж, ирэх онд хэрэгжүүлэх төлөвлөгөөний төслийг боловсруулж байна. Үүнтэй уялдуулан уг сургалтыг зохион байгуулж, үйлдвэрийн эрсдэлийн бүртгэлийн санг бүрдүүлэх талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх, бүртгэлийн сангийн агуулга, чанар, үнэн зөв байдалд тавигдах хяналтыг сайжруулахад анхаарсан” гэж Эрсдэлийн удирдлага, мониторингийн тэргүүлэх мэргэжилтэн Б.Оюунтөгс онцлов.
“Эрсдэлийн удирдлагын аргуудаас суралцсанаар эрсдэл тодорхойлох, үнэлэх, аюулыг урьдчилан шинжлэх тухай маш өгөөжтэй, сонирхолтой мэдээлэл, мэдлэг сонслоо. Цаашид эрсдэлийг удирдах, арга барилыг хэрхэн ашиглах талаар мэдлэг нэмсэндээ сэтгэл өндөр байна” гэж сургалтын үр дүнгийн талаар Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны бодлогын газрын Судалгаа, цахим системийн албаны дарга Л.Энхтүвшин сэтгэгдлээ хуваалцлаа.















