Уурхайчдын 44-р спартакиадын нээлтийн ажиллагаа Хангарьд паласт урлаг, спорт хосолсон тоглолт хэлбэрээр болсон нь өвөрмөц байлаа. Эрдэнэт үйлдвэрийн Спорт цогцолбороос жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн уурхайчдын спартакиад 44 дэх жилдээ зохиогдож байна.
Өмнөх жилүүдэд бүтэн жилийн турш үйлдвэрийн бүтцийн цех нэгж, ажиллагсдын дунд үргэлжилдэг байсан бол энэ жилээс оролцогчдын хамрах хүрээ, идэвх санаачилга, өрсөлдөөнийг нэмэгдүүлж, илүү чанар өгөөжтэй зохион байгуулах үүднээс спартакиадын хугацааг нь богиносгож, 10 хоногт багтаан, аваргуудаа тодруулах болсон гэж Ерөнхий захирал Г.Ёндон нээлтийн үеэр онцолсон. Тэрээр, “Эрдэнэт үйлдвэр байгуулагдсан цаг үеэсээ уурхайчдынхаа эрүүл мэнд, тэдний чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх, эрүүл чийрэг хамт олныг бий болгох нөхцөл боломжийг бүрдүүлэхэд анхаарч ирсний нэг жишээ нь энэхүү спартакиад. Хүнд хөдөлмөр эрхэлж буй уурхайн ажилтнууд спортоор хичээллэж, эрүүл бие бялдартай байх нь юунаас ч илүү чухал” хэмээгээд, нийт тамирчдад амжилт хүслэн.
Уурхайчдын 44-р спартакиадад Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн нэгжийн 18 баг, тамирчид спортын 14 төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөнө. Нээлтийн ажиллагаанд баг, тамирчид эгнэн жагсаж, шүүгчид тангаргаа уншин, Эрдэнэт үйлдвэрээрээ овоглодог спортын алдартан залуусын төлөөлөл төрийн далбааг мандуулсан нь сэтгэл хөдлөм байлаа. Түүнчлэн, спартакиадын үеэр зохиогдох сагс, волейбол, жүдо, бадминтон, туялзуур сэлэм, хоккей зэрэг бүхий л төрлийг тэдгээр спортоор хичээллэгч хүүхдүүд, Соёл, урлагийн цогцолборын уран бүтээлчдийн бүжгийн үзүүлбэртэй хослон харуулсан нь нээлтийн ажиллагааг шинэлэг, үзүүштэй болгосон.
Спартакиадын нээлтийн ажиллагааны үеэр хүрэлцэн ирсэн зочид, хөгжөөн дэмжигчдийн дунд азын сугалаа, буухиа тэмцээн зохион байгуулж, Спорт цогцолборын усан сан, фитнес клубт бүтэн жил гэр бүлийн хамт хичээллэх эрхийн бичгээр урамшуулав. Нээлтийн ажиллагааны төгсгөлд сагсан бөмбөгийн шилдэг багуудын тоглолт болж, хөгжөөн дэмжигчдийн уухай түрж, "Тамирчны алдар" дуу эгшиглэлээ. Ийнхүү Хангарьд палас арав хоногийн турш Уурхайчдын хөл хөдөлгөөн, өрсөлдөөнөөр дүүрч, 44 дэх удаагийн спартакиадын аваргуудаа тодруулах юм.





























