Боловсролын магадлан итгэмжлэлийн Үндэсний зөвлөлийн шинжээчийн баг Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх, ШУТИС-ийн харьяа “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн “Уул уурхайн ашиглалтын технологи”, “Мэдээллийн технологи” бакалаврын хөтөлбөрүүдийг магадлан итгэмжлэхээр энэ сарын 18, 19-ний өдрүүдэд Орхон аймаг, Эрдэнэт хотод ажиллаж байна. Шинжээчийн багийн бүрэлдэхүүнд Боловсролын магадлан итгэмжлэлийн Үндэсний зөвлөлийг төлөөлж, хэлтсийн дарга, доктор Б.Оюунцэцэг, “Уул уурхайн ашиглалтын технологи” хөтөлбөрийн шинжээчийн багийн ахлагчаар доктор, профессор Д.Баатархүү, багийн гишүүдээр доктор, профессор С.Энхтуяа, аудитор Д.Чадраабал нар ажиллаж байна. Харин “Мэдээллийн технологи” хөтөлбөрийн шинжээчийн багийн ахлагчаар доктор, дэд профессор С.Батчимэг, доктор, дэд профессор Б.Сувдаа, МХТ ХХК-ийн захиргаа удирдлагын газрын захирал бөгөөд ерөнхий инженер Д.Мянганбаатар нар уг хөтөлбөрийг магадлан итгэмжлэхээр томилогджээ.

Шинжээчийн баг тус сургуулийн сургалтын үйл ажиллагаанд хөндлөнгийн үнэлгээ хийж, итгэмжлэлийн шалгуур, шаардлагыг хангаж байгаа эсэхэд дүгнэлт гаргах юм. Ингэснээр сургалтын үйл ажиллагаа ямар түвшинд явааг үнэлүүлж, чанарын ахиц дэвшил гаргах боломжийг нээдэг сайн талтай, гэж Боловсролын магадлан итгэмжлэлийн Үндэсний зөвлөлийн хэлтсийн дарга, доктор Б.Оюунцэцэг ярилаа.

Энэ удаагийн шинжээчийн багийн бүрэлдэхүүнд мэргэжлийн профессоруудаас гадна ажил олгогчдын болон судлаачдын төлөөлөл багтсан нь олон талын оролцогчдын дэмжлэгтэйгээр сургалтын хөтөлбөрт дүн шинжилгээ хийж, зөвлөмж өгөх боломж бүрдэж байна.















