Ерөнхий захирлын А/512 дугаар тушаалаар, үйлдвэрийн газрын 10 ажилтан БНХАУ-ын ӨМӨЗО-д “Бүс нутгийн хэмжээнд цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх менежмент” сэдэвт сургалтад саяхан хамрагджээ. Энэхүү сургалтыг Ази, Номхон далайн ойн тогтвортой менежмент, нөхөн сэргээлтийн олон улсын байгууллагаас зохион байгуулсан байна. Танхимын гурван өдрийн сургалтад хамрагдахаас гадна, цөлжилтийн эсрэг хийсэн ойжуулалтын талбайд хоёр өдөр туршлага судлав. Сургалт, лекцийн хөтөлбөрт Баяжуулах үйлдвэрийн ХАБЭА-н товчооны дарга Д.Бат-Эрдэнэ “Монгол Улсын цөлжилтийн байдал, тэмцэж буй жишээ”, Ногоон хөгжлийн төслийн нэгжийн ХТН-ийн инновац, судалгаа хариуцсан инженер У.Уянсанаа, Ногоон хөгжлийн төслийн нэгжийн ойн техникч Э.Янжиндулам “Хангал гол дагуух татмын ой байгуулах судалгааны ажил”, Ойн техникч Р.Энхболд “Хаягдлын аж ахуйн ойжуулалт”, Ил уурхайн инженер Б.Тэмүгэ “Ил уурхайн нөхөн сэргээлт” сэдвээр тус тус мэдээлэл хийжээ. Сургалт англи хэл дээр явагдсан бөгөөд ойн нарийн мэргэжлийн ажилтнуудад нэн хэрэгцээтэй байсныг оролцогчид онцлов.




















