Геологи, хайгуулын экспедицийн хамт олон Оюутын ордод нарийвчилсан хайгуулын өрөмдлөгөөс гадна цахилгаан болон соронзон хайгуулыг ордын зүүн, зүүн өмнөд биетүүдэд хийжээ. Өнгөрсөн онд нарийвчилсан хайгуулаар 16532.8 тууш метр өрөмдсөн бол энэ жил 20000 тууш метр өрөмдлөг төлөвлөж, өнөөдрийн байдлаар 15318.1 тууш метр өрөмдлөгийн ажил гүйцэтгээд байна.
Оюутын ордын гидрогеологийн судалгааг орд болон орд орчмын уст цэгүүдэд хийж, 900 тууш метр өрөмдлөг гүйцэтгэж, усны параметрүүдийг тодорхойллоо. Мөн чулуулгийн хувийн жинг тодорхойлох, хүдрийн баяжигдах шинж чанарыг судлах хагас үйлдвэрлэлийн туршилт судалгааны дээж авах зорилгоор далд нэвтрэлт хийгдэж байна. Түүнээс гадна хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий Ундрах, Хөх Асгат, Согоот, Зөөхийн гол орчим эрлийн ажлыг гүйцэтгэж, хэтийн төлөвтэй талбайнуудад геофизикийн цахилгаан, соронзон хайгуул хийжээ. Одоо “Хужирын гол” талбайд геофизикийн ажил гүйцэтгэж байна.
Геологи, хайгуулын экспедици Эрдэнэтийн-Овоо ордын баруун хойд болон төвийн ордын хүдрийн биетийн байрлал, хил зааг, нөөц баялгийн тооцоонд нарийвчилсан үнэлгээ өгч, уулын цул гаргалт хүдэр олборлолтын ажлыг шуурхай, чанартай төлөвлөх, хүдрийн мэдээллийн бүрэн гүйцэд байдалд хяналт тавих зорилгоор ашиглалтын хайгуулын 3600 тууш метр өрөмдлөг хийлээ. Мөн ирээдүйд ашиглах хүдэрт элемент, хувирлын болон хүдэр баяжуулалтад нөлөөлөх эрдсүүдийн агуулга, хүдрийн хатуулаг, флотацийн металл авалт зэргийг тодорхойлох геометаллургийн 5200 тууш метр өрөмдлөг хийсэн байна. Түүнээс гадна уурхайн хажуугийн тогтворжилтыг тодорхойлох, үйл ажиллагаанд үзүүлэх аливаа нөлөөллийг урьдчилан тооцоолоход шаардлагатай геотехникийн 4500 тууш метр, Баяжуулах үйлдвэрийн хаягдлын аж ахуйн хяналтын 332.5 тууш метр өрөмдлөгийн ажлыг бүтцийн нэгжүүдийн захиалгаар гүйцэтгэжээ.
Геологи, хайгуулын экспедиц Оюутын ордод 15 мянган тууш метр өрөмдлөгийн ажил гүйцэтгэжээ
Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0















