“Хүний нөөцийн менежментийн тогтолцоо ISO 30400” Олон улсын багц стандартын хэрэгжилт, үр дүнд магадлан аудит хийх хурлын нээлтэд үйлдвэрийн газрын бүтцийн нэгжийн удирдлагууд болон хүний нөөцийн мэргэжилтнүүд оролцов. Энэхүү хуралдаанаар үйлдвэрийн газрын үйл ажиллагаанд нэвтрүүлж буй “Хүний нөөцийн менежментийн тогтолцоо ISO 30400” олон улсын багц стандартын хэрэгжилт, дотоод аудитын тайлан, гарсан өөрчлөлт сайжруулалтыг танилцуулсан юм.
Энэ үеэр Франц улсын “Афнор” группийн Олон улсын Тэргүүлэх аудитор Андрей Оленков, “Монсертф” группийн Олон улсын Тэргүүлэх эрхтэй аудитор, докторант Ю.Наранцацрал нар Эрдэнэт үйлдвэрийн хамт олонд ажлын амжилт хүслээ.
ХНЗХ-ийн дарга О.Отгонбаяр хэлэхдээ: “Эрдэнэт үйлдвэрт “Хүний нөөцийн менежментийн тогтолцоо ISO 30400” Олон улсын багц стандарт дөрөв дэх жилдээ амжилттай хэрэгжиж байна. Энэ хугацаанд бид Баталгаажуулалтын болон Магадлан-1 аудитыг хийсэн. Одоо Магадлан-2 аудитын ажлыг эхлүүлээд байна. Уг магадлан аудитыг хийхээр Олон улсад итгэмжлэгдсэн Францын Афнор групп, Монголын итгэмжлэгдсэн төлөөлөгч “Монсертф” группийн хамтарсан багийн аудиторууд Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байна. Магадлан аудит хийгдэж, үйл ажиллагаагаа баталгаажуулах нь Эрдэнэт үйлдвэр Дэлхийн жишиг, Монголын бахархал гэсэн алсын хараа, эрхэм зорилгодоо хүрэх нэгэн том алхам юм. Олон улсын аудитор Андрей Оленков нээлтийн үеэр, “Хүнгүйгээр явдаг ямар ч үйлдвэрлэлийн процесс, худалдан авалт байхгүй” хэмээн онцоллоо. Тэгэхээр Хүний нөөцийн тогтолцооны энэхүү стандарт хэрэгжсэнээрээ Эрдэнэт үйлдвэрт Олон улсын жишигт хүрэхүйц дэвшил, шинэчлэлт, сайжруулалтын үйл ажиллагаа явагдана” гэв. Уг ажил Үйлдвэрийн газрын хэмжээнд дөрвөн өдрийн турш үргэлжилнэ.


















