Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр үйлдвэрлэлийн төлөвлөгөөний биелэлт, шинэ 7 хоногийн үйлдвэрлэлийн төлөвлөгөө, технологийн нормчлогдсон материал, сэлбэг хэрэгслийн нөөц бүрдүүлэлт, намар, өвлийн улиралд бэлтгэх ажлын төлөвлөгөөний гүйцэтгэл, 2024 оны худалдан авах ажиллагаа, 2025 оны бизнес болон хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний боловсруулалт, Ерөнхий захирлын албан даалгаврын биелэлтийн явц, цаг үеийн ажлын талаар авч хэлэлцэв.
Шуурхайн эхэнд Ерөнхий инженер Т.Батмөнх, Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалаар Дотоодын цэргийн 816 дугаар ангийн захирагч дэд хурандаа Даваадоржийн Гантөмөрт ахлах офицерын хурандаа цол олгосныг танилцуулж, ажлын амжилт хүслээ.
Өнгөрсөн 7 хоногт Бүтцийн нэгжүүд хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдлын зөрчилгүй хэвийн ажилласан бөгөөд нийт 72 ажлын байранд сөрөг хүчин зүйлийн хэмжилт хийхэд зөвшөөрөгдсөн хэмжээ хэтэрсэн тохиолдол гараагүй байна. Мөн хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын чадамжийн үнэлгээчин бэлтгэх сургалтад 15 бүтцийн нэгжийн 29 ажилтан хамрагджээ. Ус хангамжийн цехэд осолд өртсөн өвчтөний биеийн байдал хэвийн өнөөдрөөс энгийн тасагт шилжихээр болж байна. Бүтцийн нэгжээс нь болон ХАБЭАХ-ээс ар гэрийнхэн, эмч нартай эргэх холбоотой ажиллаж байна гэж ХАБЭАХ-ийн Албаны дарга Б.Баттайван мэдээллээ. Түүнчлэн, үйлдвэрийн бүсээр чиглэлийн дагуу хяналт шалгалтыг тогтмол хийж байна, ямар нэгэн зөрчилгүй хэвийн байлаа.
Сэлэнгэ аймагт хийгдэж буй техникийн нөхөн сэргээлтийн ажил одоогийн байдлаар 480 га-д 61.7 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Эрдэнэт үйлдвэр хуулийн дагуу дараа жилийн төлөвлөгөөг салбарын яамаар батлуулдаг, бид үйлдвэрийн газрын 2025 оны төлөвлөгөөг хийж, бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна, хэмээн БОНХХ-ийн дарга Ж.Жавхланбат танилцуулав.
ҮТХ-ийн дарга Т.Түмэн-Өлзий хийсэн мэдээлэлдээ: “2024 оны 9-р сарын 22-ны байдлаар үйлдвэрлэлийн төлөвлөгөөний гүйцэтгэл уулын цул гаргалт +96.4 мян.м3, хөрс хуулалт -14.1 мян.м3, хүдэр өгөлт +175.0 мян.тн, хүдэр боловсруулалт +181.0 мян.тн, хүдэр дэх зэсийн агуулга 0.380 хувь, молибден 0.0132 хувьтай байна. Технологийн балансаар зэсийн металл авалт 87.2 хувь, молибден 52.85 хувийн гүйцэтгэлтэй байна. Бүтээгдэхүүн үйлдвэрлэл хэвийн, эрчимжүүлсэн төлөвлөгөөний дагуу үйлдвэрлэж байна. Зэсийн баяжмалын ачилт сарын эхнээс 605 вагон, төлөвлөгөөнөөс илүү 38 вагон ачаад байна. Молибдены баяжмал 119 контейнерыг үйлдвэрлэж, 22 багцыг ачсан. Энэ 7 хоногт молибден ачна, энэ сард 30 багцыг ачихаар тооцож байгаа зэргийг дурдлаа.
Ил уурхайд гүний ус зайлуулах ган хоолойн судалгаа хийгдэж байна. Базальтан болон ширмэн доторлогоог 500-аас доош диаметртэй ган хоолойд хийх боломжгүй талаар үйлдвэрлэгч болон нийлүүлэгчид мэдэгдсэн. Иймээс резин доторлогоотой болон PTFE доторлогоотой ган хоолойн талаар үргэлжлүүлэн судалж байна, гэж Ил уурхайн ерөнхий инженер мэдээллээ. Авто тээврийн цехэд шинээр хүлээн авсан 140 тонны өөрөө буулгагч ажилд гарч 782 эргэлт хийж 41,000 мянган метр.куб уулын цул тээвэрлэсэн байна. Дараагийн ээлжийн хүнд даацын таван авто машиныг энэ сарын сүүлээр хүлээж авах аж.















