Засвар, угсралтын цех ажилтнуудынхаа чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрүүлэх, хамт олныг төлөвшүүлэхэд чиглэсэн олон сонирхолтой ажил зохион байгуулдгийн нэг нь Бэсрэг наадам. Хоёр жил тутамд болдог Үндэсний бэсрэг наадмаа тэд тэсэж ядан хүлээдэг. Долоо дахь удаагийн наадам намрын дунд сарын шинийн 11-ний бэлгэт сайн өдөр “Уурхайчин” хэмээх байгалийн үзэсгэлэн бүрдсэн сайхан амралтад боллоо. Хүндэт зочдоор цехийн ахмадууд, Механикийн хэлтсийн Төлөвлөлт, мониторингийн албаны дарга Н.Эрдэнээ уригджээ.
Монгол Улсын төрийн далбаа, Засвар, угсралтын цехийн тугийг цехийн ажилтан, аймгийн заан Д.Энхбат, сумын мэргэн С.Энхболд, сумын алдарт уяач Х.Баттулга, спортын мастер, арга зүйч Д.Энхтөр нар ёслол хүндэтгэлтэй залж, байршуулснаар бэсрэг наадам эхэллээ. Наадмыг нээж ЗУЦ-ийн Ерөнхий инженер Т.Атарбаяр хамт олон, ахмадууддаа баярын мэндчилгээ дэвшүүллээ.
Морин уралдааныг өмнөх жилүүдэд шагайн харваа, гүйлтийн тэмцээн зэргээр орлуулдаг байсан бол энэ жил малчны хотноос морьд сойн уралдуулснаараа онцлог байв. Уралдаанд 10 морь шандсаа сорьсноос УТХ-ийн ажилтан Д.Намдагийн унасан бор халиун түрүүлж, Б.Тэмүүжингийн унасан хул аман хүзүүдэн “Тод магнай” болж, торгон жолоогоо өргүүлж, наадамчин хамт олноо огшоов.

Засвар, угсралтын цехэд аймаг, сумын цолтой 10 гаруй хүчит бөх байдаг аж. Бэсрэг наадамд 32 бөх уран мэх уралдуулснаас сумын манлай заан, ОУХМ Ж.Гомбожав түрүүлж, сумын заан Б.Батмэнд үзүүрлэн, аймгийн заан Д.Энхбат, сумын заан М.Ганболд нар шөвгөрлөө. Бөхийн цолыг засуулч, ахмад ажилтан, ардын авьяастан Н.Батзаяа, ахлах мастер Х.Баттулга нар уянгалуулан дуудаж, олныг баясган цэнгүүллээ.
Энэ үеэр аймгийн заан Д.Энхбат, сумын заан М.Ганболд нарт цехийн захиргаа, ҮЭХ, ахмадын зөвлөлөөс хүндэтгэл үзүүлэв. Мөн ажилтан Ч.Азжаргал 2022 оны Бэсрэг наадмын түрүү бөх, сумын заан Б.Батмэндэд хурдан удмын даага амлаж, ногт гардуулсан нь наадамчдын сэтгэлийг хөвсөлзүүлэв.

“Цэц магнай” сурын харваанд эрэгтэй 15 тамирчин цэц мэргээ сорьсноос сумын мэргэн Х.Зоригт түрүүлж, залуу харваач Зо.Ганзориг удааллаа. Эмэгтэй харваачдаас ЗУХ-ийн ажилтан Э.Өнөрцэцэг түрүүллээ.
Бэсрэг наадмын үеэр цехийн Залуучуудын холбооны нэрэмжит “Хонь” ажиллагаа боллоо. Монголчуудын “мал муулах” ёсонд суралцах, дэг жаяг, соёлыг түгээх зорилготой энэ тэмцээнд таван баг оролцов. Иж бүрэн гүйцэтгэлээр дүгнэхэд УТХ-ийн М.Цолмон ахлагчтай баг хонийг 12 минут 06 секундийн хугацаанд төхөөрч, гэдсийг арилгаж, махыг мөчилж бэлтгэж, хурсан олныг гайхширууллаа.
Ийнхүү Засвар, угсралтын цехийн “Бэсрэг наадам” Монгол ёс заншил, өв уламжлалаа түгээсэн, наргиан цэнгээнтэй, баяр бахдалтай, халуун сэтгэлийн бэлэгтэй, хайр хүндэтгэл дүүрэн сайхан болж өндөрлөлөө. Энэ үеэр зарим хүний сэтгэгдлийг сонслоо.


Угсралт, тохируулгын хэсгийн засварчин Д.Намдаг:
Цехийн маань бэсрэг наадам өргөн дэлгэр сайхан болж байна. Би энэ наадамд хурдан морины төрөлд түрүүлсэндээ баяртай байна. Бэсрэг наадамд анх оролцож байна. Анх удаагаа энэ сайхан наадамд оролцсон надад их сайхан сэтгэгдэл төрж байна. Уран мэхийг уралдуулан барилдсан хүчит бөхчүүд, цэц мэргэн харваачид, уралдсан хүлгүүд нь хурдан шандастай, унаачдаараа бахархлаа. Үе үеийн ажилтнууд, хамт олонтойгоо наадаж, нэгэн өдрийг сайхан өнгөрүүллээ.

Угсралт, тохируулгын хэсгийн ажилтан, сумын манлай заан, ОУХМ Ж.Гомбожав:
Наадам сайхан болж байна. Би Үндэсний бөхийн барилдаанд түрүүлсэндээ баяртай байна. Надад итгэл хүлээлгэн, дэмжсэн хэсгийн хамт олондоо талархлаа. Юуны түрүүнд ажилтнууд бие биеэсээ суралцах, хамт олныг ойртуулан нягтруулах, ахмад, дунд, залуу гурван үеийн холбоог бэхжүүлэхэд чиглэсэн сайхан үйл ажиллагаа зохион байгуулдаг цехийн удирдлагууддаа баярлалаа. Хамт олондоо сайн сайхныг хүсье.

Угсралт, тохируулгын хэсгийн ажилтан, Сумын мэргэн Х.Зоригт:
Бэсрэг наадам маань дэгтэй, өргөн дэлгэр боллоо. Би бэсрэг наадмын сурын харваанд хоёр дахь удаагаа түрүүллээ. Бэсрэг наадам маань жилээс жилд өргөжиж, сурын харвааг сонирхогч залуусын тоо нэмэгдэж, өрсөлдөөн ихтэй болж байна. Ийм сайхан наадам зохион байгуулж, өргөн олныг хамруулдаг цехийн удирдлага, хүний нөөцийн мэргэжилтэндээ баярлалаа. Хамт олондоо ажлын амжилт хүсье.
















