Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор энэ сарын 13-аас 15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болсон нийтийн гимнастикийн “Жимнаестрада-2024” Ази тивийн зургаа дахь удаагийн наадамд Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх Орос 12 дугаар цэцэрлэгийн хүүхдүүд амжилттай оролцоод ирлээ.
Дөрвөн жил тутамд зохион байгуулагддаг энэхүү гимнастикчдын баярт Азийн 9 орны 1000 гаруй тамирчид оролцож, авхаалж хурд, авьяас чадвараа сорьжээ.
“Жимнаестрада-2024” Азийн наадамд Орхон аймгаа төлөөлсөн Орос 12 дугаар цэцэрлэгийн 20 хүүхдийн бүрэлдэхүүнтэй баг тамирчид наадмын заавал гүйцэтгэх дасгалуудыг өөрийн цэцэрлэг дээр бэлтгэж, бусад улсын хүүхдүүдтэй нэг тайзан дээр “Big team” үзүүлбэрээ хамтран гүйцэтгэлээ. Орхон аймгийн “Уран хөдөлгөөнт” гимнастикийн тэмцээнээс “Өхөөрдөм хөөрхөн”, “Хамгийн шилдэг хувцаслалт” номинацийн эзэн болж байсан Орос 12 дугаар цэцэрлэгийн хүүхдүүд ийнхүү анх удаа Ази тивийн наадамд оролцож, үе тэнгийнхэнтэйгээ нийтийн гимнастикийн төрлөөр өрсөлдсөн юм.
Нийтийн гимнастикийн Азийн наадамд оролцох боломжоор хангаж, дэмжин тусалсан Эрдэнэт үйлдвэрийн Уурхайчин ах эгч нартаа баярласнаа багш, хүүхдүүд илэрхийлж байна. Түүнчлэн, тэмцээний бэлтгэл ажилд хамтран ажилласан Орос 12 дугаар цэцэрлэгийн хамт олон, эцэг эхчүүдэд талархаж буйгаа бэлтгэсэн багш, зохион байгуулагчид онцоллоо.


















