БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Маршал Юмжаагийн Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөх ёслол өнөөдөр боллоо. Ю.Цэдэнбалын дурсгалын хөшөөнд цэцэг өргөх ёслолд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Б.Батбаяр, Хөдөлмөрийн баатар Ш.Даваахүү, Ю.Цэдэнбалын нэрэмжит академийн Орхон аймгийн салбарын Тэргүүлэгч Д.Нямдорж болон Эрдэнэт үйлдвэрийн ахмадууд, газар, хэлтсийн удирдлагууд, цех нэгжийн төлөөлөл оролцлоо.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон хэлсэн үгэндээ: “Өнөөдөр Монгол төрийг 44 жил удирдсан, эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард иргэдийнхээ сайн сайхан амьдралын төлөө амь, амьдралаа бүтэн зориулсан Маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 108 жилийн ой тохиож байна. Тэрбээр улс төр, нийгмийн нэрт зүтгэлтэн төдийгүй 1939, 1945 оны дайны жилүүдэд Ардын армийн арыг хариуцсан комиссар, бүх цэргийн жанжны орлогч, Улсыг батлан хамгаалах зөвлөлийг удирдсан гарамгай мастер байлаа. Тэрээр улс эх орноо хагас зуун жил тэргүүлэхдээ хүйтэн дайны хүнд бэрх цаг үед Монгол төрийнхөө тусгаар тогтнолыг бэхжүүлэн хадгалж, эдийн засгийн тусгаар тогтнолын үндэс суурийг баттай тавьсан юм. Маршал Ю.Цэдэнбалын удирдлагын он жилүүд буюу 1940-1984 онд Монгол Улсын аж үйлдвэрийн бүтээгдэхүүний хэмжээ 50 дахин, цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл 244 дахин, 1976-1986 онд уулын үйлдвэрийн бүтээгдэхүүн 18.7 дахин өссөн байдаг. Үүнээс гадна аж үйлдвэржүүлэх бодлогын үр дүнд Эрдэнэт, Дархан зэрэг үйлдвэрийн цогцолбор хотууд баригдаж, олон арван үйлдвэрүүд ашиглалтад орсон юм. Тиймдээ ч Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Эрдэнэт үйлдвэрийг 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Ю.Цэдэнбалын нэрэмжит болгосон түүхтэй. Уурхайчин хамт олон бид Маршал Ю.Цэдэнбалын эх орныхоо тусгаар тогтнол, үндэсний эв нэгдэл, аюулгүй байдлыг баталгаажуулан, аж ахуйн бүхий л салбарыг бий болгон, ард түмнээ эрүүл, боловсрол соёлтой, бичиг үсэгтэй болгоод зогсохгүй 16 жил үргэлжилсэн ухаалаг гадаад бодлогын үр дүнд НҮБ-д Монгол Улсаа гишүүнээр элсүүлж, огторгуйн уудамд иргэнээ нисгэсэн их үйл хэргийг мөнхөд дурсаж, бахархах болно. Монгол төрийн нуруу цэх, хөгжил дэвшлийн зам өөдөө, дардан байх болтулгай” хэмээн онцлов.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Б.БАТБАЯР:
"Монгол түмний бахархалт хүү маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 108 жилийн ой энэ онд тохиож байна. Энэ түүхэн хүний төрсөн өдрийг угтан дурсгалын хөшөөнд нь цэцэг өргөх ёслол боллоо. Ийм хүндэтгэлтэй үйл ажиллагаанд оролцсондоо баяртай байна. Монголын төрийг он удаан жил удирдах хугацаандаа энэ эрхэм, улс орноо үйлдвэржүүлэх, хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан. Өөрөөр хэлбэл тухайн үеийн ЗХУ-ын удирдлагуудтай гэрээ хэлэлцээр хийж Эрдэнэт үйлдвэрийг барьж байгуулсан гавьяатай. Үйлдвэрийг хоттой нь байгуулах хөгжлийн зөв шийдвэр гаргасан Ю.Цэдэнбал даргын хишиг буяныг Монголчууд хүртэж явна гэж хэлэхийг хүсэж байна.
Ю.Цэдэнбалын нэрэмжит академийн Орхон аймгийн салбарын Тэргүүлэгч Д.НЯМДОРЖ:
"Жил бүр Маршлын хөшөөнд цэцэг өргөх ёслолын үйл ажиллагааг зохион байгуулдаг. Энэ уламжлалт ёслол сайхан боллоо. Анх Маршал Ю.Цэдэнбал 1973 онд Эрдэнэт хот, үйлдвэрийг бүтээн босгох бодлогын чанартай шийдвэрийг ЗСБНХУ-ын Сайд нарын зөвлөлийн орлогч дарга Новиковтой хамтран гаргасан түүхтэй. Энэ цаг үеэс Эрдэнэт хот, үйлдвэрийг бүтээн босгож, улс орны эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг бид бүхэн мэднэ. Тэр дундаа Эрдэнэт, дэлхийн жишиг үйлдвэр болох үйлсэд Ю.Цэдэнбал даргын оруулсан хувь нэмрийг өндөр үнэлэх ёстой. Түүний гавьяат үйлсийг ирээдүйн залууст таниулах, сурталчлах арга хэмжээг зохион байгуулах учиртай. Аймгийн ИТХ-тай Эрдэнэт үйлдвэр хамтран Маршал Ю.Цэдэнбалын дурсгалын хөшөөг өөр газар шилжүүлэн байрлуулах ажлыг зохион байгуулах талаар ярилцаж байна. Тэгэхээр энэ хүний гаргасан шийдвэрээр дэлхийн хэмжээний Эрдэнэт үйлдвэрийг барьж байгуулах, Дархан, Багануур гэх мэт хот суурин газруудыг бүтээн босгосон. Энэ утгаараа Ю.Цэдэнбалын академийн тэргүүлэгчид салбар, салбартаа тодорхой чиг үүрэгтэй ажиллаж байна.