Оюутын ордыг ашиглах төслийн нээлт боллоо

Эрдэнэтийн Оюутын ордын хайгуулын далд нэвтрэлтийн төслийн ажлын нээлт өнөөдөр боллоо. Энэхүү төслийн нээлтийн үйл ажиллагаанд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон, Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий инженер Т.Батмөнх, Хөгжлийн хэлтсийн Ерөнхий геологич Д.Алтанхуяг болон бүтцийн нэгжийн удирдлагууд, “Евроашиан Майнинг Контрактор” ХХК-ийн захирал Г.Энхбилэг, компанийн ажилтнууд оролцлоо. Саяхан, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг УИХ-аар хэлэлцүүлж баталсан. Тус хөтөлбөрт Эрдэнэтийн стратегийн ордын талбайд Оюутын ордын хайгуулыг эрчимжүүлэх, бусад хайгуулын талбайнуудад өндөр дэвшилтэт технологи, хиймэл оюун ухаан ашиглан орд нээх тухай заалтууд орсон юм. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан эдгээр заалтыг ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх бөгөөд бусад талбайнуудад ч орчин үеийн дэвшилтэт технологиудыг ашиглан орд нээх, эрж хайх үйл ажиллагаа явуулахаар төлөвлөөд байна. Оюутын ордыг ашиглах төсөл нь Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хүрээнд хийгдэж байна. 


 

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.ЁНДОН:

“Эрдэнэт бол уурхай дагасан хот. Уурхай дагасан хот, суурин газрын амьдрал үйлдвэрийн газрын ирээдүй, насжилттай шууд холбоотой байдаг. Эрдэнэт үйлдвэрийн тухайд хэд хэдэн чухал төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр тусгасан. Нэгдүгээрт, геологийн нөөцийг нэмэгдүүлнэ. Манай үйлдвэр 46 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж, энэ хугацаанд мэдлэг, чадвар өндөртэй хүний нөөцийг бүрдүүлсэн. Нөгөө талаар геологийн нөөцөө нэмэгдүүлж байгаа. Хүний нөөц, геологийн нөөцөд тулгуурлан ямар ч дэвшилтэт технологийг нэвтрүүлж болдог. Иймээс хүдрийн нөөцөө нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна. Яагаад гэвэл хүдрийн нөөц шавхагддаг эд. 2022 онд бид шинээр хайгуулын зургаан тусгай зөвшөөрөл авсан. 2023 онд энэ ордыг сонгон ашиглах төлөвлөгөөг хэлэлцэж байлаа. Түүнчлэн, 1980-аад оны үед хийгдсэн хайгуулын зарим өгөгдлүүдээ ашигласан. Мөн 2023 оны өгөгдлүүдээ ашиглан газрын түвшнээс 80 орчим метрийн гүнд хийгдсэн хайгуулын ажлаа шалгаж, туршиж, баталгаажуулаад явж байна. Нөгөө талаас хүдрийн агуулгаас гадна уул геологийн нөхцөл байдал гэх мэт олон зүйлийг шалган ажиллах нь өндөр ач холбогдолтой. Эдгээр ажлыг Оюу толгойн гүний уурхайн нэвтрэлтийн босоо амыг хийж буй монгол инженерүүдийн баг гүйцэтгэж байгаа нь онцлог юм. Эрдэнэт үйлдвэр ирээдүйгээ харсан олон ажил хийж байгаа. Манай инженер техникийн чадварлаг ажилтнууд уурхайн нөөцөө илрүүлж зардал багатай, үр ашигтай, цаашид үнэлэмж өндөртэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготой ажиллаж байна. Нөгөө талаар Монгол Улсын Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу Эрдэнэт үйлдвэрт орж байгаа мөнгөн урсгал буюу экспортод гаргах баяжмалыг биржээр худалдаалж эхэлсэн. Ингэснээр баяжмал худалдаалах ажиллагаа олон нийтэд ил тод нээлттэй болж байгаа. Мөн гарч байгаа мөнгөн урсгал буюу тендер худалдан авалтын үйл ажиллагаанд хиймэл оюун ухаан ашиглан өнгөрсөн долдугаар сарын нэгнээс үнэлж эхэлсэн. Тэгэхээр төрийн өмчит компанийн үйл ажиллагаа ард түмний хяналтан дор явах ёстой гэсэн Засгийн газар, Ерөнхий сайдын бодлогыг баримталж байгаа. Энэ хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна. Оюутын орд 220 орчим сая тонн хүдрийн нөөцтэй гэсэн урьдчилсан тооцоо гарсан. Бидний хүлээж буй үр дүн 500 орчим сая тоннд хүрэх болов уу гэсэн найдлага байгаа. Цаашид бид, хоёр жилийн хугацаанд хайгуулын ажлаа үргэлжүүлэн хийж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандартаар баталгаажуулна. Одоогийн тогтоосон нөөц дор хаяж 10-15 хувиар нэмэгдэнэ гэж геологичид ярьдаг. Манай инженер, геологичид бол түрүүлж тууз хайчилж, олонд зарлаад явах хүмүүс биш. Тодорхой үр дүн гарсны дараа ажлаа тайлагнадаг онцлогтой хүмүүс.


“Евроашиан Майнинг Контрактор” ХХК-ийн захирал Г.ЭНХБИЛЭГ: “Миний бие тус компанийн гүйцэтгэх захирлаар 9 дэх жилдээ ажиллаж байна. Энэ нь Эрдэнэт үйлдвэрт хэрэгжүүлж байгаа бидний анхны төсөл. Тус үйлдвэрийн бүтээн байгуулалтад оролцож, энэ төслийг хэрэгжүүлж байгаа нь манай компанийн хувьд нэр төрийн хэрэг юм. Манай компани 2013 оноос Монгол болон Казакстан улсад хөндлөн нэвтрэлт, олборлолтын хэд хэдэн төсөл хэрэгжүүлсэн. Энэ оны наймдугаар сард Оюу толгойн далд уурхайн 10, 11-ийн диаметртэй 1160, 1166 метрийн гүнтэй хоёр амны малталт, нэвтрэлтийн ажлыг хийлээ. Энд ажилласан баг Оюутын ордын төсөл дээр ажиллаж байна. Уг төслийн бэлтгэл ажил бүрэн хангагдсан. Одоо уулын малталт, нэвтрэлт буюу гүний ажил эхлээд  байна. Одоогоор төслийн талбайд 36 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллана. Өдөр, шөнийн ээлжинд байнгын 24 хүн ажиллахаар төлөвлөсөн. Уг төслийн ажлыг 2025 оны нэгдүгээр сарын 31-нд дуусгах төлөвлөгөөтэй байна. Тэгээд ажлаа тайлагнана. Бидний хувьд төслөө цаг хугацаанд нь төсөвтөө багтаагаад дуусгана. Техникийн хүчин чадлын хувьд төмөр замын тээврээр биш авто тээврийн системээр нэвтрэлтээ гүйцэтгэхээр төлөвлөсөн. Өөрөөр хэлбэл 2,2 х 2,2 метрийн хэмжээтэй хөндлөн огтлолтын диаметртэй малталт, нэвтрэлтийн ажил хийхээр төлөвлөж байна. Чулуулаг нөхцөлөөсөө шалтгаалаад 1,5-2 метрийн хэмжээтэй нэвтрэлтийн ажлыг нэг ээлжиндээ хийнэ. Ер нь чулуулаг нөхцөл багатай байвал өдөрт дунджаар 3-4 метрийн ахилт хийгээд явна. Мөн нэвтрэлтээс гадна гаргаж буй хүдрийн дээжийг технологийн дагуу хурааж хадгалах, лабораторийн шинжилгээнд зөөвөрлөх тал дээр нэлээн анхаарч ажиллана. 


 

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хөгжлийн хэлтсийн Ерөнхий геологич Д.АЛТАНХУЯГ: “2023 онд Оюутын ордын нарийвчилсан хайгуулын ажлыг эхлүүлсэн. Эндээс бид ямар хэмжээний хүдрийн нөөц, геологийн тогтоцтойг урьдчилсан байдлаар тогтоосон. 2024 он бидний хувьд хамгийн ачаалалттай ажиллах жил. Тухайлбал 20 мянган тууш метрийн өрөмдлөгийн ажил хийнэ. Одоогийн байдлаар 11700 гаруй тууш метрийн өрөмдлөгийн ажил хийгээд байна. Үлдсэн өрөмдлөгийн ажлыг ирэх 10, 11 дүгээр сард хийнэ. Энд гурван компани зөвлөх ажил үйлчилгээ үзүүлж байгаа. Нэг нь “Евроашиан Майнинг Контрактор” компани. Энэ компани Оюутын анхдагч сульфидын хүдрийг гаргана. Ийм хүдэр газрын гадаргуугаас 70-100 гаруй метрийн гүнд байгаа. Өнгөрсөн жилийн өрөмдсөн өгөгдлөө ашиглаад сульфидын хүдрийн таазны хэсэгт хамгийн бага зардлаар хүдрийн дээжийг гаргах зорилготой ажиллаж байна. Мөн далд нэвтрэлт дотроо орж бүрэн зураглал хийх, хананаас нь дээж авах, ирээдүйн уурхайд орох усны нөхцөл байдал, хагарал, ан цав нуралтын судалгааны ажил хийгдэнэ. Эндээс гарах хүдрийн эрдэслэг бүрэлдэхүүн гэж байдаг. Ямар найрлагатай эрдэс материалтайг тогтоохоор “Литос майнинг” компани ажиллаж байна. Энэ компанитай ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн профессорууд, Япон, БНХАУ, Германы их сургуулиуд хамтран ажиллаж байна. Одоогийн байдлаар зарим дээжүүд Японд очсон, судалгааны ажлууд хийгдэж байгаа. Эндээс нэлээн нарийн судалгаа гарна байх. Гуравдугаарт, “Эрдэнийн эрэл“ гэж компани байгаа. Тус компани олон улсын зэрэгтэй мэргэжилтнүүд урьж авчран ажиллуулсан. Энэ компани хүдрийн нөөцийн тооцоонд хөндлөнгийн чанарын хяналт тавьж, баталгаажуулсан болохоор тусдаа олон улсын тайлан гаргах ёстой. Хэдий ийм боловч бид өөрсдөө ажлынхаа тайланг ирэх оны сүүлчээр нэгтгээд мэргэжлийн зөвлөлдөө хүргүүлнэ. Энэ жилийн нэг онцлог нь үйлдвэрийн газрын бүтцийн өөрчлөлтийн үр дүнд хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн нөөц тогтоох ажил нь хөгжлийн ирээдүйн төсөл хөтөлбөрийн нэг гэж үзсэн. Иймээс Хөгжлийн хэлтэс хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн нөөц тогтоох ажлыг чиглүүлж авч явах шийдвэр гарсан. Энэ утгаараа Хөгжлийн хэлтэс, Геологи, маркшейдерийн хэлтэс, Геологи, хайгуулын экспедици болон холбогдох бусад нэгжүүд хамтран ажиллах нөхцөл боломж бүрдлээ.


 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %