Анх удаа зохион байгуулагдсан тус наадамд УУҮА-ийн гишүүн 20 гаруй байгууллагууд оролцож, хүчит бөхийн барилдаан, үндэсний сур болон шагайн харваа төрлөөр өрсөлдөж, аваргуудаа тодрууллаа. Уурхайчдын наадамд зориулсан Хүчит бөхийн барилдаанд аймаг, сумын цолтой 24 бөх барилдсанаас Дархан Төмөрлөгийн үйлдвэрийн ажилтан, аймгийн хурц арслан С.Очирбат түрүүлж, Хэнтийн Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэрийн ажилтан, аймгийн арслан Д.Аззаяа үзүүрлэв. Түүнчлэн “Платинум Ланд” компанийн ажилтан, сумын заан Г.Төгсжаргал шөвгөрч, Дархан Төмөрлөгийн үйлдвэрийн ажилтан, сумын заан Г.Шагай “Уран барилдаант бөх”-өөр тодорлоо.
Үндэсний сурын харваанд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Спорт цогцолборын дарга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, үндэсний сурын Дархан мэргэн Ш.Даваахүү, тус үйлдвэрийн ДЦС-ийн ажилтан, Аймгийн мэргэн, спортын мастер Б.Баасанжаргал нар түрүүлж, хос алтан медаль энгэртээ зүүлээ. Шагайн харваа төрөлд уул уурхайн 8 компанийн 18 тамирчин өрсөлдөж, “Багануур” ХК-ийн ажилтан, Монгол Улсын Гарамгай мэргэн харваач Э.Баттулга 20 сум тавьснаас 20 онож түрүүлсэн бол тус компанийн харваач, Монгол Улсын Үлэмж Дархан мэргэн Б.Алтансүх 18 онож, удаах байранд шалгарав. Тэргүүн байрын тамирчдад медаль гардуулахын зэрэгцээ ивээн тэтгэгч байгууллагуудын гарын бэлэг, дурсгалын зүйлийг гардуулж, баяр хүргэв.


Энэ үеэр Монгол Улсын Засгийн газрын шагнал “Тэргүүний уурхайчин” цол тэмдгээр “Эрдэнэс Тавантолгой” компанийн тэсэлгээний инженер Б.Ёндон, Ахлах геологич Л.Дагва-Очир, Степ Голд компанийн Хангамжийн хэлтсийн дарга Ч.Дүүрэнжаргал, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын СААЖЦ-ын Нийтийн хоолны рестораны эрхлэгч Д. Довдонлханаа, ЗМЗ-ын гүүрэн кранчин Г.Аззаяа, Авто тээврийн цехийн хэсгийн дарга Д.Алтанбаяр, Платинум Ланд ХХК-ийн маркшейдэр О.Гончигдорж, Ачит-Ихт компанийн жолооч Д.Мөнхзориг, хүний нөөцийн менежер Ц.Халиунаа нарын ажилтныг шагнаж, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд, УУҮА-ийн удирдлагууд гардууллаа.
Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн 30 жилийн ойн хүрээнд гишүүн байгууллагууд болон хамтран ажиллагч түнш байгууллагын хамтын ажиллагааг сайжруулах, харилцан туршлага солилцох зорилготой “Уурхайчдын наадам”-ын тэргүүн байрыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамт олны баг эзэллээ. Багийн идэвх оролцоо, медалийн чанар зэрэг үзүүлэлтээрээ тэргүүлж, наадмын шилжин явах цомын эзэн болж буйг шүүгчдийн зүгээс тодотгож, Ерөнхий захирал Г.Ёндон болон наадамд оролцсон багийн гишүүдэд хүндэтгэлтэйгээр гардуулав.

МОНГОЛЫН УУЛ УУРХАЙН ҮНДЭСНИЙ АССОЦИАЦИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Т.ЭРДЭНЭТУЯА:
Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци бол уул уурхайн салбарын өнөөгийн өсөлт дэвшилд хамгийн том үүрэг гүйцэтгэдэг байгууллага. 1994 онд анх байгуулагдахдаа “Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлнэ” гэсэн үндсэн зорилт дэвшүүлж, 30 жилийн түүхэн замналынхаа туршид уул уурхайн салбарын хууль эрх зүйн орчин, хүний нөөц бэлтгэх, олон улсын туршлага, стандартыг хэрхэн нэвтрүүлж, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх зэрэг асуудалд онцгой анхаарч ирлээ. Харин одоо уул уурхайн тогтвортой хөгжлийн асуудалд бодлогоо чиглүүлж байна.
Бид гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, ханган нийлүүлэгчдийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа, цар тахлын хүнд хэцүү үед “Зогсох эрхгүй” компанит ажил зохион байгуулж ажиллалаа. Энэ бүхэнд УУҮА-ийн гишүүн байгууллагууд бүгд өөр өөрийн хувь нэмрийг оруулж буйг онцолмоор байна. Өнөөдөр бид уурхайчдын баяр наадмаа анх удаа хийж байна. Манай энэ арга хэмжээг уул уурхайн ууган үйлдвэрүүдийн нэг Эрдэнэт үйлдвэр, түүнчлэн Хан Алтай, Энержи ресурс компаниуд ивээн тэтгэж дэмжлээ. Баяр наадамд манай ассоциацийн гишүүн байгууллагууд бүгд ирж, оролцож байгаад баяртай байна.
Уурхайчдын баяр наадмыг уул уурхайн салбарынхан, уурхайчид нэгдсэн зорилгын төлөө хамтдаа зүтгэж, дөрвөн улирлын турш зогсох эрхгүй, тасралтгүй хөдөлмөрлөж буйгийн хувьд жилдээ ганц удаа цуглаад, баяр хөөрөө хуваалцаж, асуудлаа ярилцах, чөлөөт цагаа өнгөрүүлэх боломж олгох үүднээс зохион байгуулж байна. Нөгөө талаас, энэ арга хэмжээг нэг удаа зохион байгуулаад өнгөрөх биш жил бүр уламжлал болгон тэмдэглэдэг байх даалгаврыг ахмадууд маань бидэнд өглөө. Тиймээс жил бүр уурхайчид маань ингэж уулзаж, нэг өдрийг хамтдаа өнгөрүүлдэг болох нь гэж хэлж болно.

"ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР" ТӨҮГ-ЫН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ Г.ЁНДОН:
Уурхайчид улс орны нийгэм эдийн засгийн өмнө өндөр хариуцлага, ачаа үүрдэг. Тиймээс уурхайчдын баярыг энэхүү наадам шиг чөлөөт хэлбэрээр зохион байгуулах нь тэдний ачаалал, ажлын алжаалыг бууруулахад тус дэм болно гэж бодож байна. Уул уурхайн салбарын олон компани, байгууллагууд хоорондоо уулзаж, санал бодлоо солилцож, өөрөөр хэлбэл “зангиагүй уулзалт” хийж, туршлагаа хуваалцан, цаашдын зорилт төлөвлөгөөгөө танилцуулсан нь хамтын ажиллагаагаа бэхжүүлэн, өргөжүүлэхэд өндөр ач холбогдолтой үйл ажиллагаа боллоо. Энд салбарын сайд, УИХ-ын гишүүд ирж, уул уурхайн салбарынхны дуу хоолойг сонссон нь бас чухал байлаа.
Эрдэнэт үйлдвэр 7000 ажилтантай. Манай уурхайчдын дунд урлаг, спортын олон авьяастнууд бий. Энэ утгаараа өөрсдөө санаачилж, Засварын механикийн заводынхоо уран дархчуулаар урлуулсан шилжин явах цомоо авахын төлөө багаараа хичээж, мэрийж оролцлоо. Багаараа уурхайчдын анхдугаар наадмын аварга болж, Гран при цом гардаж авсандаа баяртай байна. Эрдэнэтийн уурхайчид үргэлж манлайлагч болж байдгийн нэг жишээ энэ боллоо.
Цаашдаа энэ арга хэмжээг хэрхэн зохион байгуулж, уламжлал болгох нь Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн Удирдах зөвлөлийн шийдэх асуудал. Бид, УУҮА-иас гаргасан бодлого шийдвэрийг хэрэгжүүлж, хамтран ажиллана гэдгийг энэ дашрамд хэлье.



























