Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн 30 жилийн ойд зориулан Уурхайчдын анхдугаар наадмыг өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгууллаа. 1994 онд үүсгэн байгуулагдаж байсан Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн 30 жилийн ойн хүрээнд уул уурхайн салбарыг сурталчлах, тэнд ажиллаж буй уурхайчдын дунд урлаг соёл, спортын олон үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөсний нэг нь энэхүү анхдугаар наадам юм. Уурхайчдын баяр наадмыг Улсын Их хурлын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Г.Батцэнгэл, тус байгууллагын үүсгэн байгуулагчдын нэг, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч асан П.Очирбат, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон нарын хүндэт зочид нээж, УУҮА-ийн гишүүн байгууллагууд, удирдлага хамт олон, уурхайчдын төлөөлөл оролцлоо.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан нээлтийн үйл ажиллагаанд хэлсэн үгэндээ, Монгол Улсын Засгийн газраас уул уурхайн олборлолт, ашиглалт, боловсруулалтад онцгой анхаарал хандуулж, Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарыг аж үйлдвэржилт буюу эцсийн бүтээгдэхүүн болгон зах зээлд нийлүүлэх гол зорилттой ажиллахаа онцолсон. Түүнчлэн геологийн хайгуул, судалгааны ажлыг чухалчилж, салбарын хууль тогтоомжийн тогтвортой байдлыг ханган гадаадын хөрөнгө оруулагчдад таатай нөхцөл бүрдүүлэх, хувийн хэвшлүүд, аж ахуйн нэгжүүдээ бодлогоор дэмжин ажиллана гэдгээ энэ үеэр илэрхийллээ.
Мөн Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн үүсгэн байгуулагчдын нэг, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч асан П.Очирбат, уул уурхайн салбарыг олон улсын стандартад нийцүүлэн, шинэ түвшинд гаргах, дэлхийн уул уурхайн томоохон олборлогч улсуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллах Засгийн газрын зорилтыг зөв зүйтэй хэмээн, цаашдын ажилд нь амжилт хүслээ.

Уурхайчдын анхдугаар наадмыг Уул Уурхайн Үндэсний Ассоциаци санаачлан зохион байгуулж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Хан Алтай компани, Энержи Ресурс компани дэмжин ажиллав.























