Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд хэрэгжүүлж буй “Мэдлэг түгээх ажлын байр” төсөл Автотээврийн цехийн Эрчим зүйн товчооны шатахуун түгээх станцад хэрэгжиж эхэллээ. Тус цехийн Шатахуун түгээх станцын ажилтнууд өөрсдийн нөөц бололцоогоо бүрэн дайчлан, мэдлэгийн менежментийн ISO30401 стандартыг нэвтрүүлэн, мэдлэг бүтээх, далд мэдлэгийг илрүүлэх, хадгалах, чадвар туршлагаа харилцан хуваалцах зорилготой “Мэдлэг түгээх ажлын байр” нээж, дотоод болон гадаад таатай орчинд мэдлэг түгээж, хуваалцахаар тохижуулжээ.

Төслийн нээлтийн ажиллагаанд Хүний нөөц, захиргааны хэлтсийн дарга О.Отгонбаяр, АТЦ-ын дарга Я.Дамдиндорж болон бусад мэргэжилтнүүд оролцож, АТЦ-ын ШТС-ын эрхлэгч Б.Отгонсүрэн мэдлэг түгээх ажлын байрны онцлог, ажилтнуудад үлдэх үр өгөөж, ШТС-ын ажилтнуудын оролцоо, сэтгэл ханамжийн талаар танилцуулга хийсэн. Төсөл хэрэгжсэнээр, ажлын байр маш тохилог таатай болсон бөгөөд ажилтнуудын сэтгэл ханамж нэмэгдэж, улмаар илүү ихийг хийж бүтээх, шинийг санаачлах, бүтээлчээр сэтгэх, ажилдаа хандах хандлага нэмэгдэх, үйлчлүүлж байгаа жолооч нарын урмын үг, тэдгээрийн хоорондын харилцаа хандлага илүү сайжирч байгаа зэрэг олон сайхан эерэг үр дүн гарч байгааг илтгэгч онцлов. Автотээврийн цехийн шатахуун түгээх станцад нээгдсэн “Мэдлэг түгээх ажлын байр” нь мэдлэгийг дотоод болон гадаад гэсэн хоёр төрлөөр түгээж, дотоод хэсэгт өөрсдийн ажилтнууд хамрагдаж байгаа бол, гадаад хэсэгт Эрдэнэт үйлдвэрийн 300 орчим жолооч хамрагдаж байна.

ШТС нь онцгой объект тул байнгын анхаарал сонор сэрэмжтэй ажиллах, гарч болзошгүй эрсдэлийг илрүүлэн арга хэмжээ авах, технологи үйл ажиллагааны горимыг чанд барьж ажиллах шаардлагатай ажлын байр юм. Энэхүү ажлын байрны онцлогийг жолооч нарт мэдлэг болгон түгээх зорилгоор “Жолоочийн карт” гарын авлагыг санаачилж, үйлдвэрээрээ бахархан урам зориг нэмэх, шатахууны онцлог, анхны тусламжийн зөвлөмж, шаардлагатай утасны жагсаалт зэрэг олон талын мэдлэг, мэдээлэл багтаасан нь үр дүнгээ өгчээ.

Түүнчлэн, тус цехийн Тусгай зориулалтын машин механизмын засварын хэсгийн хамт олон, агрегат засварын өрөөг сонгон авч биет болон цахим мэдлэгийн сан үүсгэн бусдад мэдлэг түгээж эхэлжээ. Тэд биет болон цахим хичээлүүдээ QR код ашиглан мэдлэг түгээх ажлын байрандаа байршуулсан нь мэдлэгийг хэн ч, хаанаас ч, хэзээ ч авах боломж бүрдүүлсэн байна. Мөн тус хэсгийн хамт олон мэдлэг түгээх өдөртэй болсон нь шинэлэг байв. Ингэснээр туршлагатай, ур чадвартай ажилтнууд далд мэдлэгээ ил болгож, бусдадаа хичээл зааж мэдлэгээ хуваалцах, ярилцах, туршлага солилцох боломжтой болсон байна. Үр дүнд нь ажилтнууд өөрийн ур чадвар болон ажлын бүтээмжийг дээшлүүлэхэд илүү хялбар болжээ.






















