Ажлын байраар дамжуулан мэдлэг бүтээх, далд мэдлэгийг илрүүлэх, мэдлэг хадгалах орчин бүрдүүлэх, мэдлэгээ хуваалцах зорилготой Ил уурхайн мэдлэг түгээх ажлын байрны нээлт өнөөдөр боллоо. Энэхүү үйл ажиллагаанд Эрдэнэт үйлдвэрийн Хүний нөөц, захиргааны хэлтсийн дарга О.Отгонбаяр, “Мэдлэг түгээх ажлын байр” төслийн ажлын хэсгийн ахлагч, Төрөлжсөн архивын дарга Б.Одонтуяа болон Ил уурхайн удирдлагууд, өрмийн машинч, туслах машинч, Хүний нөөц, захиргааны хэлтсийн болон цехүүдийн хүний нөөцийн мэргэжилтнүүд зэрэг 40 шахам хүн оролцов. Энэхүү үйл ажиллагаа Захиргааны нэгдүгээр байрны хэлэлцээрийн танхимд “Мэдлэг түгээх ажлын байр” төслийн танилцуулгаар эхэллээ. Энд цугласан хүмүүс Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн зааварчилгаа авч, Ил уурхайн карьер дэх 25-р өрмийн машинчийн ажлын байртай танилцлаа. Уг үйл ажиллагааны зарим оролцогч ийнхүү ярьж байна.
Ил уурхайн Өрөмдлөг тэсэлгээний хэсгийн Өрмийн туслах машинч М.Одхүү:
2024 онд “Мэдлэг түгээх ажлын байр” төслийн хүрээнд өрмийн машины ажилчдаас санал асуулга авсан. Үүний дагуу бид ажлын байрны зааварчилга дээр шинэ саналууд нэмж оруулж, баяжуулсан. Энэ нь шинээр ажилд орж буй өрмийн туслах машинчдад ажлын мөн чанараа ойлгох, богино хугацаанд дадлагажихад дөхөм болно гэдэгт итгэж байна.
Өрөмдлөг тэсэлгээний хэсгийн Өрөмдлөг тэсэлгээ хариуцсан ахлах мастер Б.Барсбаатар:
Эрдэнэт үйлдвэрт хэрэгжиж буй “Мэдлэг түгээх ажлын байр” төслийн нээлтийн ажиллагаа манай цех дээр болж байна. Ил уурхайн даргын тушаалаар нэгдүгээр сарын 29-нд Өрөмдлөг тэсэлгээний хэсгийн өрмийн машинчийн ажлын байрыг мэдлэг түгээх ажлын байр болгохоор ажлын хэсэг байгуулагдсан. Зургаан сарын хугацаанд бид өрмийн машинчийн ур чадварыг дээшлүүлэх, ялангуяа ахмад өрмийн машинчдын мэдлэгийг залууст өвлүүлэх, уг ажлын байрыг нээлттэй байлгахад чиглэсэн бэлтгэл ажлыг нэлээн хийсэн.
Хүний нөөц, захиргааны хэлтсийн дарга О.Отгонбаяр:
Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т хэрэгжиж буй Хүний нөөцийн ISO-30400 багц стандартын хүрээнд мэдлэгийн менежментийн 30401 стандарт дөрөв дэх жилдээ амжилттай хэрэгжиж байна. Энэ ажлын хүрээнд хийгдэж байгаа “Мэдлэг түгээх ажлын байр” томоохон төсөл Эрдэнэт үйлдвэрт хэрэгжиж буйн нэг нь өнөөдөр нээлтээ хийж байна. Эрдэнэт үйлдвэр 46 жилийнхээ түүхэнд Монгол Улсын уул уурхайн салбарт томоохон мэдлэгийн уурхай болон хөгжсөн. Энэ мэдлэгийг дэлгэрүүлэх, хадгалж үлдэх, өвлүүлэн түгээх зорилготой хийгдэж буй энэхүү ажил маань манай Ил уурхайн түүхэнд томоохон ажил болж өрнөж байгаа юм. Мэдлэг түгээх ажлын байраар дамжуулан ажилчдад уул уурхайн салбарын технологийн, аюулгүй ажиллагааны, ажил үүрэг гүйцэтгэх процессын чиглэлээр томоохон мэдлэгийг түгээх боломжийг ажлын байр болгонд хийхээр зорьж байна. Энэ үйлсэд Автотээврийн цех, Ил уурхай зэрэг томоохон цехүүд түүчээлэн оролцож байна. Зөвхөн нэг бус бүх ажлын байрыг мэдлэг түгээгч болгох зорилтын хүрээнд хамтран ажиллаж буйд талархаж байна. Ил уурхайн удирдлага хамт олондоо ажлын амжилт хүсье.