Эрдэнэт үйлдвэрийн хамт олон, иргэд уншигчдадаа номоор дамжуулан мэдлэг хуримтлуулах, соён гэгээрүүлэх үйлсийг түгээн дэлгэрүүлэх, номын сангийн соёлын өвийг баяжуулах зорилгоор “Эрдэмд хөтлөх Эрдэнэт үйлдвэрээс” ном хандивлах аяныг нэг сарын турш өрнүүллээ. Хандивын аяны хүрээнд тус үйлдвэрийн ажилтан, уурхайчид нийт 4000 гаруй ном товхимлыг хандивласныг Орхон аймгийн Нийтийн номын сангийн хамт олонд гардуулав.
Уурхайчдын илгээсэн хандивын ном гардуулах ёслолын ажиллагаанд Орхон аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны газрын хэлтсийн дарга Д.Өнөбат, Албаны дарга Д.Эрдэнэбат, Нийтийн номын сангийн захирал Д.Цэнд-Аюуш болон ажилтнууд оролцлоо. Энэ үеэр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны газрын хэлтсийн дарга Д.Өнөбат “Эрдэнэт хот маань орчин үеийн стандартад нийцсэн номын шинэ өргөө ашиглалтад орсонтой холбоотойгоор манай үйлдвэрийн уурхайчин бүр нэг ном хандивлахаар аян өрнүүлж, нэгдсэн. Аяны хүрээнд цуглуулсан номыг гардуулж өгч буйдаа таатай байна. Бид номын хандивын аянаа энэ удаа өрнүүлээд зогсох бус цаашид үргэлжлүүж, шинэ номын санг баяжуулж, арвижуулахад хувь нэмрээ оруулна. Эрдэнэт хот бол зөвхөн уул уурхайн хот биш эрдэм мэдлэг, оюуны уурхайн хот байх ёстой” гэсэн бол ИТХ-ын дарга Д.Мөнхбат “Орхон аймаг, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 5 орчим тэрбум төгрөгийн өртөг бүхий Номын шинэ өргөөтэй болсон. 42 жилийн дараа номын сангийн шинэ барилгаа хүлээж авсан Номын өргөөний хамт олонд уурхайчид маань ном хандивлан, баяжуулж байгаад нийт Эрдэнэтчүүдийнхээ өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье” хэмээлээ.
Орон нутгийн өөрийн төсвийн хөрөнгөөр шинэ номын сан барьсан нь иргэдийнхээ оюун мэдлэг, нийгэмд хамгийн өндөр үр өгөөжтэй шийдвэр болсон. Бас хуучин номын сангийн байранд 18 хүртэлх хүүхдүүдээ сурч хөгжих, боловсрох орчныг нь бүрдүүлж, хүүхдийн номын сан болгож буйг дуулгая. Манай номын санд зориулан номын хандивын аян өрнүүлж, сан хөмрөгийг арвижуулан ном илгээсэн Эрдэнэт үйлдвэрийн уурхайчдадаа нийт Эрдэнэтчүүдийнхээ нэрийн өмнөөс соёлт хүн төрөлхтөний өмнөөс гүн их талархал илэрхийлье. Та бүхний илгээсэн энэ номын эхний хуудсанд төрийн улаан дардас тамгалагдаж, түмэн олны соён гэгээрэлд ашиг тусаа хүртээх болно” гэж Нийтийн номын сангийн Захирал Д.Цэнд-Аюуш онцлов.