Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудын даваа гаригийн ээлжит шуурхай зөвлөгөөн үйлдвэрлэлийн төлөвлөгөөний биелэлт, ажлын явц болон цаг үеийн асуудалд анхаарал хандууллаа. Өнгөрсөн долоо хоногт үйлдвэрийн хэмжээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөрчилгүй хэвийн ажилласныг ХАБЭА-н хэлтэс мэдээлэлдээ онцлов. Түүнчлэн тус хэлтсээс Ус хангамжийн цех, “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолбор, Эрдэнэт цогцолбор дээд сургууль, Эрдэнэт сувиллын цогцолборт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн 4-р шатны үзлэг хийж, Ус хангамжийн цехэд “сайн” үнэлгээ өгсөн бол бусад цехүүд “ хангалттай” дүнтэйгээр шалгалтад хамрагджээ. Эрдэнэт цогцолбор дээд сургууль дээр нийт 505 хүнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт зохион байгуулсан байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын албан даалгаврын дагуу “Бүх нийтийн цэвэрлэгээ”-г Орхон аймгийн хэмжээнд хийлээ. Өнгөрсөн баасан гаригт Эрдэнэт үйлдвэрийнхэн “Бүх нийтийн цэвэрлэгээ”-г аймгийн Дулааны Цахилгаан Станцын үнсэн сангаас Төмөр замын буудлын 3 замын гүүр хүртэл 12.6 км үргэлжлэх замд 234.2 га талбайн хог хаягдлыг цэвэрлэсэн байна. Энэ ажилд үйлдвэрийн 25 бүтцийн нэгжийн 300 орчим ажилтан, 13 техник хэрэгслийн тусламжтайгаар нийт 27.6 тонн хог хаягдал түүж цэвэрлэн, төвлөрсөн хогийн цэгт буулгаж ажилласан талаар Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсээс мэдээллээ. Мөн үйлдвэрийн хэмжээнд Байгаль орчны удирдлагын менежментийн тогтолцооны ISO 14000 стандарт нэвтрүүлэх ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж буйг тус хэлтсээс долоо хоногийн тайлан мэдээлэлдээ дурдлаа.
Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу Эрдэнэт үйлдвэр зэс, молибдений баяжмалаа биржээр арилжаалах анхны худалдааг өнгөрсөн 4 дүгээр сарын 29-нд хийсэн бол удаах арилжаа нь өнгөрсөн 5 дугаар сарын 28-нд амжилттай болсон байна. Анхны арилжаагаар 3000 тонн зэсийн баяжмал борлуулж, нийт 500 гаруй мянган ам.долларын ашиг илүү олсон бол хоёр дахь удаагийн арилжаагаар дахин 3000 тонн баяжмал борлуулжээ.
Үйлдвэрийн ерөнхий захиргааны 1-р байранд байрлах хүнсний дэлгүүрт халуун хоолны тасалбараар хүнсний бүтээгдэхүүн худалдах асуудлыг зохицуулах, оновчтой гарц шийдлийг судлах талаар Нийгмийн харилцааны хэлтэс, “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолбор зэрэг газар, хэлтсүүд хамтран ажилласан байна. Үүний үр дүнд энэ сарын 10-наас эхлэн “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборын Нийтийн хоолны хэсгийн хагас боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, тэдгээрийг захиргааны 1-р байрны хүнсний дэлгүүрт худалдаж, борлуулахаар шийдвэрлэснийг мэдээллээ.