“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т хэрэгжиж буй Хүний хөгжлийн цогц хөтөлбөрүүдийн нэг болох Залгамж хөтөлбөрийн идэвхжүүлэлт сургалт өчигдөр Сэлэнгэ амралт аялал жуулчлалын цогцолборын Хүлэмжийн аж ахуйгаас эхэлж, Соёл урлагийн цогцолборт үргэлжилсэн юм.
Энэхүү үйл ажиллагаанд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Захиргаа удирдлага, санхүүгийн газрын дарга Д.Үүрийнтуяа, Хүний нөөц захиргааны хэлтсийн дарга О.Отгонбаяр нар оролцож, баяр хүргэсэн юм. Танхимын сургалтын эхэнд Д.Үүрийнтуяа дарга: Эрдэнэт үйлдвэрийн хөгжлийн тулгуур бодлого бол хүний нөөцийн бодлого. Эрдэнэт үйлдвэр 2031 он хүртэл шинэ үйлдвэрүүд бий болгох, үйлдвэрлэлийн хүчин чадлаа өргөтгөх, борлуулалтын орлогоо өсгөх, улс орон нутгийн төсөвт төлдөг мөнгөн дүнг нэмэгдүүлэх зэрэг олон зорилт дэвшүүлж байгаа. Эдгээр зорилтыг хэрэгжүүлэх гол хөшүүрэг нь хүний нөөцийн асуудал. Эрдэнэт үйлдвэр хүний нөөцийн цогц хөтөлбөр боловсруулж, олон улсын багц зургаан стандарт хэрэгжүүлж, давтан аудитаар амжилттай үнэлэгдсэн. Манай уурхайчдын насны бүтэц харьцангуй залуужлаа. Дөрвөн жилд 472 ажилтныг багш, шавийн барилдлагатай болгов. Олон жилийн туршлагатай ажилтнууд, залуусыг ажлын дөртэй болгож, тэдэнд өөрсдийн ур чадвараа өвлүүлж байна. Та нар маань багш- ажилтнууд юм. Үйлдвэрийнхээ залуу үеийг бэлтгэхэд мэдлэг чадвар, дадлага туршлага, цаг хугацаагаа харамгүй зориулж, үнэ цэн бүтээж буй та бүхэндээ их баярлалаа.
Бидний судалгаагаар ирэх таван жилд 340-өөд ажилтан гавьяаны амралтдаа гарах нь ээ. Бид тэдний ажил үүргийг орлох хүний нөөц, бааз суурийг бэлдэж байна. Үйлдвэрийн хүний нөөцийн бодлогоор гавьяаны амралтдаа суух дөхсөн ажилтнууддаа анхаарал хандуулж, шинэ амьдралаа эхлүүлэхэд нь бэлтгэх, сонирхсон чиглэлд нь дэмжлэг үзүүлж байгаа. Үндсэн ажлынхаа хажуугаар хувийн бизнес эрхлэх, хувийн аж ахуйг зэрэгцүүлээд аваад явах сонирхолтой ажилтнуудаа дэмжиж, сургалт, туршлага судлах ажлыг зохион байгуулж байна.
Манай уурхайчид дунд ээлжинд гарч ажилладаг ч аж ахуй эрхэлж, Булган аймгийн Хангал суманд сайхан амьдарч буй Баяжуулах үйлдвэрийн Шүүн хатаах хэсгийн оосорлогч Б.Батмөнхийнх гэж сайхан гэр бүл бий. Өөрийн хүч боломжоо дайчлан өрхийн бизнес эрхэлж буй ажилтнуудаа үйлдвэрийн удирдлагын зүгээс бодлогоор дэмжиж ажиллана. Мал аж ахуй, газар тариалан эрхлэхэд Төр засгаас ч олон дэмжлэг, боломжийг нээсэн хууль тогтоомж гарч байгаа. Ингээд өрхийн бизнес, хувийн үйлдвэрлэл илүү ихээр дэлгэрч, амьдралд илүү их боломжийг нээж, орлогын эх үүсвэрийг илүү ихээр нэмэгдүүлэх болтугай. Та бүхэндээ амжилт хүсье” гэв.