Монгол Улсын Засгийн газрын өнгөрсөн хоёрдугаар сарын 28-ны өдрийн 73 дугаар тогтоолын дагуу зэсийн болон молибденийн баяжмалыг Биржээр зарах болсон. Анхны дуудлага худалдааг Монголын хөрөнгийн биржээр энэ оны дөрөвдүгээр сарын 29-нд явуулсан бөгөөд АНУ-ын “Өүшн Партнэрс” компани эхний 3000 тонныг худалдан авсан юм. Зэсийн баяжмалыг биржээр борлуулсан анхны арилжаанаас Эрдэнэт үйлдвэр 500 гаруй мянган ам.долларын ашиг илүү оллоо гэж Гадаад харилцаа, экспортын хэлтсийн дарга Я.Пүрэвээ мэдээллээ.
Төмөр замын зохион байгуулалт, тээвэрлэлтийн нөхцөлийн дагуу Эрдэнэт үйлдвэр зэсийн баяжмалаа биржээр борлуулах анхны ачилтаа 6-р сарын 01-ний өдөр хийв. Биржээр борлуулсан анхны түүхэн ачилтыг Чанар хяналтын хэлтсийн Г.Отгонбор ахлагчтай ээлж, Шүүн хатаах хэсгийн Н.Мөнхбаатар ахлагчтай бригад гүйцэтгэж, хөндлөнгийн хянагчаар Олон улсын хяналтын Алфрёд Эйч Найт Mongolia ажилласан байна.
Эрдэнэт үйлдвэрийн зэсийн баяжмалын дараагийн дуудлага худалдаа өнгөрсөн сарын 28-нд мөн амжилттай болжээ.