Авилгын эсрэг хууль тогтоомж, тодруулбал Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлагдсантай холбоотойгоор Авилгатай тэмцэх газраас сургалт зохион байгууллаа. Сургалтад Эрдэнэт үйлдвэрийн 100 гаруй ажилтнууд хамрагдсан бөгөөд АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Ихмөрөн, Ахлах комиссар Б.Тэрбиш болон тус газрын комиссарууд танилцуулга мэдээлэл хийв.
Эрдэнэт үйлдвэрийн зүгээс сургалт авах хүсэлт гаргасны дагуу хоёр дахь жилдээ үргэлжилж буй тус сургалт энэ удаа Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлагдаж, тэдгээрт тусгагдсан бодлого агуулгыг танилцуулснаараа онцлогтой юм. Тухайлбал, төрийн өмчит үйлдвэрийн газар, компаниуд Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ямар үүрэгтэй оролцох, энэ хүрээнд зохион байгуулах арга хэмжээ, авлигад эрсдэлтэй албан тушаал гэж юу болох, цаашид өөрийн хамаарал бүхий хүмүүсийн томилгоо, захиран зарцуулалттай холбоотой хөрөнгө оруулгын мэдүүлэг тайлбарыг хянах, хугацаанд нь зөв гаргах, нийтлэг гардаг зөрчил дутагдлын шалтгаан зэрэг чиглэлээр арга зүйн зөвлөмж өглөө.
Түүнчлэн хөтөлбөрт тусгагдсан төрийн өмчит компанийн үйл ажиллагааны ил тод байдал, Төлөөлөн удирдах зөвлөл болон удирдлагын томилгоо улс төрөөс хараат бус байх, удирдлагын манлайлал, цалин хангамжийн тогтолцоо зэрэг зүйл заалтын талаар дэлгэрэнгүй танилцуулга хийлээ.
Сургалтын үеэр АТГ-ын багийнхан Эрдэнэт үйлдвэрт авилгаас урьдчилан сэргийлэх ажил ямар үр дүнтэй хэрэгжиж байгааг шалгаж, цаашид юунд анхаарч ажиллах чиглэлээр заавар зөвлөмж өгч ажиллалаа. Энэ талаар АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн Ахлах комиссар Б.Тэрбишээс тодруулахад, “Эрдэнэт үйлдвэр авилгаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд санаачилгатай, манлайлалтай ажиллаж байна. Үүний нэг жишээ нь тус үйлдвэрийн худалдан авах үйл ажиллагаанд хиймэл оюун ухаан нэвтрүүлэх ажлыг эхлүүлсэн. Хэрэв энэ туршилт үр дүнтэй хийгдвэл улсын хэмжээнд жишиг болгож нэвтрүүлнэ. Өөрөөр хэлбэл, ажилтан, албан хаагчдаа эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд технологийн дэвшил ашиглан хүний оролцоогүйгээр худалдан авалтын үйл ажиллагааг зохион байгуулдаг болох юм. Ингэснээр манай улс зүүн Азийн бүс нутгийн хэмжээнд авилгатай тэмцэх чиглэлээр том ахиц дэвшилд хүрэх ажил болно гэж харж байна” гэж онцлов.















