Эрдэнэт үйлдвэрийн Эмэгтэйчүүдийн холбоо уурхайчдынхаа гэр бүлийн эрүүл мэнд, хөгжил, хамгаалалд анхаарал хандуулж, цуврал сургалт зохион байгуулж байна. Өчигдөр Соёл урлагийн цогцолборын бага танхимд явагдсан “Бага насны хүүхдийн эрүүл мэнд, хөгжил хамгаалал” сэдэвт сургалтад Эрдэнэт үйлдвэрийн бага насны хүүхэдтэй 300 гаруй ажилтан хамрагдлаа.
Хүний хөгжлийн хамгийн эрчимтэй, чухал үе болох бага насны хөгжил, боловсролыг дэмжих нь насан туршийн ухаалаг хөрөнгө оруулалт болохыг орчин үеийн олон судалгаа нотолж байна. Бага насны хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээл, хамгаалал, хөгжил боловсролыг нэгдмэл хандлага, арга зүйгээр дэмжиж ажиллах нь Монгол Улсын төдийгүй, дэлхий нийтийн хөгжлийн тэргүүлэх зорилтуудын нэг болж байгааг сургалтын үеэр онцолсон. Эцэг эхчүүд хүүхдээ ойлгох, тэднийг дэмжих, хөгжүүлэх арга барил олоход нь туслах зорилготой энэхүү сургалтаар НҮБ-ын Хүүхдийн сангийн мэргэжилтэн, сэтгэл зүйн шинжлэх ухааны доктор Т.Цэндсүрэн “Хүүхдийн цогц хөгжил”, Анагаах ухааны магистр, клиникийн профессор Р.Галбадрах “Хүүхдийн эрүүл мэнд”, “Эрдэнэт медикал” эмнэлгийн хүүхдийн ахлах эмч, анагаах ухааны магистр Ц.Энхтуяа “Хүүхдийн хоол тэжээл ба тархины хөгжил”, сэтгэл үйч Ц.Бямбасүрэн “Гэр бүлийн сэтгэлзүй ба бага насны хүүхдийн сэтгэл зүйн онцлог” зэрэг сэдвээр хичээл оров. Хүүхдэд хамааралтай бүх асуудлыг цогцоор нь шийдвэрлэх, түүнд анхаарах хэрэгтэйг хүүхдийн мэргэжилтнүүд онцолж, энэ талын мэдлэг, мэдээллийг Эрдэнэт үйлдвэрийн залуу ажилтнуудад түгээлээ.















