Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх Ахмадын нэгдсэн зөвлөлөөс “Дуулах өдөр” дуун цэнгүүн, нийтийн бүжгийн уламжлалт үйл ажиллагааг эхлүүллээ. Сар бүрийн эхний долоо хоногт зохиодог “Дуулах өдөр” дуун цэнгүүн тус зөвлөлийн уламжлалт ажлуудын нэг болсоор олон жилийг үдэж буй.
“Дуулах өдөр” дуун цэнгүүнийг Эрдэнэт үйлдвэрийн Ахмадын нэгдсэн зөвлөлийн дарга Д.Байгаль нээж, ахмадууд, анхдагчдадаа урин хаврын мэнд хүргэв. Тэрээр “Дуулах өдөр” дуун цэнгүүн, нийтийн бүжгийг манай Ахмадын зөвлөлийн нэрийн хуудас болсон арга хэмжээ гэж хэлж болно. Ахмадуудынхаа амьдралын идэвхтэй хэв маяг, хөдөлгөөнт зөв дадал хэвшлийг хамгийн сайн дэмждэг учраас бид энэ үйл ажиллагаагаа уламжлал болгон хийсээр ирсэн. Тогтмолжуулахын тулд цех нэгж бүрийн ахмадын зөвлөлүүдтэйгээ нягт ажиллаж, хүчин чармайлт, оролцоог нэмэгдүүлэхийг хичээдэг” хэмээн үгэндээ онцолсон.
Ахмадын нэгдсэн зөвлөл энэ жилийн “Дуулах өдөр” дуун цэнгүүн, нийтийн бүжгийн уламжлалт хөтөлбөрүүдээ ийнхүү албан ёсоор нээж байна. “Дуулах өдөр” дуун цэнгүүнээр дамжуулан ахмадуудынхаа сэтгэл санааг сэргээх, уулзаж санал бодлоо солилцох боломжийг нь нээх зорилготой. Энэ жил Ахмадын зөвлөлийнхөн дуун цэнгүүн эхлэхийн өмнө мэргэжлийн сэтгэл зүйч, хөдөлгөөн засалч болон бүжгийн багш нарыг урьж, ахмадууддаа шинэ бүжиг, хөдөлгөөн заах, зөвлөгөө, урам өгөх зэргээр арга хэмжээгээ өргөжүүлсэн байна. Түүнчлэн, долоо хоног бүрийн Лхагва гарагт нийтийн бүжгийн хөтөлбөрөө тасралтгүй үргэлжлүүлж, эрч хүч, эрүүл дадал зуршлаа хадгалж хөгжихөд нь туслахыг зорьж буй аж.
“Дуулах өдөр” цэнгүүнд Соёл, урлагийн цогцолборын дуучин, СТА Б.Амартүвшин, Д.Дагвадорж нарын уран бүтээлчид ая дуугаа өргөж, тэдний дуулсан хуучны болон орчин цагийн нийтийн дууны ая эгшигт ахмадууд хөл нийлүүлэн бүжиглэж, хамтдаа дуулж, цэнгэн өнгөрүүллээ.