“Эрдэнэс монгол” нэгдлийн харьяа таван компанийн төлөөлөл Эрдэнэт үйлдвэрийн Засвар, механикийн заводын үйл ажиллагаатай өнөөдөр танилцлаа.
“Эрдэнэт алт ресурс” ХХК, “Монголросцветмет” ТӨҮГ, “Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК, “Эрдэнэс тавантолгой” ХК, “Цемент Шохой” ТӨХК-ийн төлөөлөл нийт 25 хүн тус заводын бүтээгдэхүүн үйлдвэрлэл, үйлдвэрлэлийн зохион бүтээлт, ажилбарын технологи, цутгуурын болон механик боловсруулалтын үйл ажиллагаатай танилцаж, хамтын ажиллагааны болон бүтэгдэхүүний чанар стандарт, эрэлт, нийлүүлэлтийн талаар санал бодлоо солилцов.
Засвар, механикийн заводын дарга Б.Баасансүрэн: “Эрдэнэс монгол” нэгдлийн бүрэлдэхүүнд байгаа компанийн төлөөллүүд манай заводын үйл ажиллагаатай танилцсанд баяртай байна. Бид бүтээгдэхүүнээ сурталчлах, захиалагчидтай болж зах зээлээ нэмэгдүүлэх зорилгоор энэ удаагийн уулзалтыг зохион байгуулсан. Манай цех давхардсан тоогоор 10-аад мянган нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Жилд 5500 орчим цутгамал бүтээгдэхүүн, 2400 орчим механик боловсруулалттай эд анги үйлдвэрлэж байгаа. Бид төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлэх явцад үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх зорилт дэвшүүлсэн. Сүүлийн гурван жил бүтээгдэхүүнийхээ өртгийн аргачлалыг шинэчлээд байна. Ингэснээр манай бүтээгдэхүүний үнэ бодитой болсон. Өөрөөр хэлбэл зах зээл дээр импортоор авдаг бүтээгдэхүүний үнээс арай хямд байгаа. Манай завод нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлийнхээ нэг хүрэхгүй хувийг дотоодын зах зээлд нийлүүлдэг. Өнгөрсөн онд 700-аад сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Үүнийг нэмэгдүүлэх зорилттой ажиллаж байна” гэв.















