“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Автотээврийн цехийн хөдөлмөр бүтээлийн аваргуудыг тодруулах ёслолын ажиллагаа өнөөдөр Ерөнхий захиргааны 2-р байрны “Оюу” танхимд нижигнэсэн алга ташилт дор болж өндөрлөлөө. Эрдэнэс тээвэрлэн, эх орондоо баялаг бүтээж яваа тус хамт олон энэ долоо хоногт үйлдвэрийн газрын Хөдөлмөрийн аваргаар тодорсон эрхмүүдээ “өлгийдөн” авахын зэрэгцээ өнгөрсөн онд өндөр бүтээмжтэй ажилласан цехийн аваргуудаа алдаршууллаа. Усан туулай жилийн “Хөдөлмөрийн аварга”-ыг тодруулах тус үйл ажиллагаанд цех, нэгжийн удирдлагууд, хамт олны төлөөлөл хүрэлцэн ирж, аваргууддаа баяр хүргэсэн юм.
Цехийн дарга Я.Дамдиндорж хэлсэн үгэндээ, хамт олныхоо амжилтыг тодотгож, тэрхүү амжилтыг бүтээхэд түүчээлсэн хөдөлмөр бүтээлийн аваргууддаа баяр хүргэн ёслолын ажиллагааг нээв. Автотээврийн цехийн бүтээлч хамт олон өнгөрсөн онд үйлдвэрлэл, эдийн засгийн төлөвлөгөөт зорилтуудаа 100-аас дээш хувиар ханган биелүүлж, 28.7 сая м.куб уулын цул тээвэрлэн, 278.4 сая т.км ачаа эргэлтийн ажил хийж гүйцэтгэжээ. Мөн цехийн үйл ажиллагааны зардлын төсвийг 55 тэрбум төгрөгөөр хэмнэж, 20.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил гүйцэтгэсэн байна. Улирч буй оны ажлаа тайлагнан, 93.41 хувиар “Хангалттай сайн” үнэлүүлсэн тус хамт олон 2024 оны зорилтоо хэрэгжүүлэхээр ажилдаа шамдан оржээ.
XYII жарны “Хилэнт эх” хэмээх Модон луу жилийн сар шинийн босгон дээр хамт олноо манлайлан, өндөр бүтээл гарган ажилласан 2023 оны “Хөдөлмөрийн аварга”-аар 15 ажилтан шалгарч, шагналаа гардлаа. Тус цехийн Технологийн тээврийн автомашины засварын хэсгийн уурхайн технологийн зориулалттай хүнд даацын автомашины засварчин Б.Бат-Эрдэнэ, Тусгай зориулалтын тээврийн хэсгийн сумт краны машинч Д.Бат-Эрдэнэ, Эрчим зүйн товчооны цахилгаан тоног төхөөрөмжийн засварчин Л.Даваацэрэн, Технологийн тээврийн автомашины засварын хэсгийн уурхайн технологийн зориулалттай хүнд даацын автомашины цахилгааны засварчин Ж.Жавхлантөгс, Механикийн товчооны гүүрэн кранчин Б.Отгонжаргал, Хүнд машин механизмын хэсгийн тракторчин Х.Оюунбат, Уулын технологийн тээврийн хэсгийн хүнд даацын машины жолооч Б.Оюунболд, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн товчооны дарга П.Пүрэвсүрэн, Уулын технологийн тээврийн хэсгийн хүнд даацын машины жолооч Э.Пүрэвжав, Төрөл бүрийн маркийн автомашины засварын хэсгийн автомашины засварчин Х.Хангай, Ачаа тээвэр, шуурхай үйлчилгээний хэсгийн ачааны автомашины жолооч Ч.Эрдэнэбат, Хөнгөн тэрэгний тээврийн хэсгийн суудлын автомашины жолооч Б.Энхбаатар, Зорчигч тээврийн хэсгийн автобусны жолооч Б.Эрдэнэсайхан, Тусгай зориулалтын машин механизмын засварын хэсгийн бигнүүрчин Ц.Эрдэнэбилэг нар “Хөдөлмөрийн аварга”-аар тодорчээ.
Автотээврийн цехийн ажилтан М.Мөрөнчулуун, Л.Шинэбаяр нар “Тэргүүний уурхайчин” цол тэмдгээр энгэрээ мялааж, Б.Батбаяр “Онц тээвэрчин” шагнал хүртэж, Д.Мягмаржавсүрэн, Б.Пүрэвжав нар Орхон аймгийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр тус тус шагнагдлаа.















