Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэлийн гол хүч, тулах баганын нэг Засвар, механикийн заводын хамт олон улиран одож буй Туулай жилийн ажлаа дүгнэж, Хөдөлмөрийн аваргуудаа тодрууллаа. Ган төмрийг “инээлгэх” увдистай Засвар, механикийн заводын дархчуул өнгөрсөн 2023 онд онцгой ололт, арвин амжилтаар дүүрэн байв. Механик болон Цутгуурын цехүүдийнхээ өргөтгөл, техник технологийн шинэчлэлийг эхлүүлж, үйлдвэрлэлийн хүчин чадлаа өсгөх түүхэн бүтээн байгуулалтыг өрнүүлснээр үр дүнд нь Механик цехийн өргөтгөлийн ажил 80 хувь, Цутгуурын цехийн барилга байгууламж 55 хувийн гүйцэтгэлтэйгээр урагшилж байна. Өнгөрсөн онд үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтүүдээ 100-аас дээш хувиар давуулж, Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагааг хангахад үүргээ биелүүлэхийн зэрэгцээ 121.6 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн нийлүүллээ. Цутгуурын цехийнхэн шинэ техник, технологи, тоног төхөөрөмжөө бүрэн эзэмшиж, чанарын үзүүлэлтийг дээшлүүлсэн бол Механик цехийн резинэн эдлэлийн тасаг 164.6 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, түүхэн амжилтаа баталгаажууллаа хэмээн Засвар, механикийн заводын Ерөнхий инженер А.Арвис баярын үйл ажиллагаанд онцлон тэмдэглэж, баяр хүргэв.
Засвар, механикийн заводын Усан туулай жилийн “Хөдөлмөрийн аварга”-аар Механик цехийн Үйлдвэрлэлд бэлтгэх, зохион байгуулах хэсгийн резинээр хуяглагч Батсуурийн Азжаргал, ХАБЭА-н товчооны дарга Цэрэндоржийн Батболд, Цутгуурын цехийн Хайлах хэсгийн мастер Шагдарын Сүндэрьяа, Ган хайлагчийн туслах Далайжавын Чинбат, Раднаабазарын Анхбаяр, Механик цехийн Механикийн засвар үйлчилгээний хэсгийн жижиг оврын автобусны жолооч Лхагважавын Батцэнгэл, Цутгуурын цехийн Эрчим хүчний засвар үйлчилгээний хэсгийн тоног төхөөрөмжийн цахилгааны слесарь Болдын Анхбаяр, Хэвний хэсгийн тоон удирдлагатай зорох суурь машины оператор Одхүүгийн Батсуурь, Механик цехийн Засвар угсралтын хэсгийн цахилгаан хийн гагнуурчин Ганболдын Тогтохбаатар, Сэлбэг хэрэгсэл бэлтгэх хэсгийн токарьчин Дамбаагийн Батсүх, Ахлах Эрчим зүйч Батсүхийн Наранбаатар, Чанарын товчооны бүтээмж, инновацын мэргэжилтэн Ганболдын Эрдэнэдаваа, Зохион бүтээх, технологийн товчооны зураг төслийн техникч Амарбаясгалангийн Анхбаяр нар тодорч, улиран одож буй Туулай жилийн ажил үйлсээрээ хамт олноо манлайлан ажилласан алдартнууд боллоо.
Мөн энэ үеэр Монгол Улсын Засгийн газрын шагнал болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны “Тэргүүний уурхайчин” цол тэмдгээр Механик цехийн Засвар угсралтын хэсгийн тоног төхөөрөмжийн засварчин Цэрэндоржийн Энхтөр, Сүхбатын Батзориг, Урлан бүтээх хэсгийн токарьчин Хатанбаатарын Өсөннэмэх, Цутгуурын цехийн Хайлах хэсгийн төмрийн бэлдэц бэлтгэгч Волоожийн Баттулга, Механик цехийн Сэлбэг хэрэгсэл бэлтгэх хэсгийн токарьчин Баярсайханы Батсайхан, Үйлдвэрлэлд бэлтгэх, зохион байгуулах хэсгийн нярав Ойнбаярын Оюун-Эрдэнэ нар шагнагдлаа. Орхон аймгийн Засаг даргын Хүндэт Жуух бичгээр Механик цехийн Үйлдвэрлэлд бэлтгэх, зохион байгуулах хэсгийн халуун төмрийн дархан Мөнхзулын Чинзориг, Урлан бүтээх хэсгийн тоног төхөөрөмжийн засварчин Болдын Ганзориг нар шагнуулж, ажил хөдөлмөрөө үнэлүүлэв.