Эрдэнэт үйлдвэрт “Мэдлэг түгээх ажлын байр” бий болгох зорилтот хөтөлбөр хэрэгжиж эхэллээ. Ажлын байраар дамжуулан мэдлэг түгээх, хуваалцах, дэлгэрүүлэх, далд мэдлэгийг илрүүлэх, хадгалах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилготой эл хөтөлбөр нь хүний нөөцийн менежментийн тогтолцоо ISO 30400 багц стандарт, мэдлэгийн менежментийн тогтолцооны ISO 30401 стандартуудыг нэвтрүүлэх хүрээнд хэрэгжих юм. Тус хөтөлбөрийн танилцуулга, сургалт зөвлөгөөн өнөөдөр болж, үйлдвэрийн бүтцийн нэгжүүдийн “Мэдлэг түгээх ажлын байр”-ыг хариуцсан ажилтнууд, хүний нөөцийн мэргэжилтнүүд оролцлоо.
Хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагааны эхэнд Хүний нөөц, захиргааны хэлтсийн дарга О.Отгонбаяр тус хөтөлбөрийн танилцуулга, холбогдох тушаал шийдвэрийн талаар мэдээлэл өгсөн бол Төрөлжсөн архивын дарга Б.Одонтуяа “Мэдлэгийн менежментийн тогтолцооны ISO 30401 стандарт”-ын танилцуулга хийв. Мэдлэгийн менежментийн тогтолцооны стандартыг хэрэгжүүлэх нь тухайн байгууллагад өндөр үр ашиг, оновчтой хамтын ажиллагаа, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлдэг бол хувь ажилтанд мэдлэг, ур чадвараа хөгжүүлэх, бүтээмжийг дээшлүүлэх боломжийг нээдэг байна. Өнгөрсөн онд Эрдэнэт үйлдвэр уг стандартыг нэвтрүүлэх замаар бүтээмжийг дээшлүүлэх төсөл хэрэгжүүлсэн нь өндөр үр дүн өгч, Азийн загвар байгууллагаар шалгарсныг Төрөлжсөн архивын дарга Б.Одонтуяа илтгэлдээ онцлов.
“Мэдлэг түгээх ажлын байр”-ыг бий болгох санаачилга Автотээврийн цехээс эхэлж, үүний үндэс нь болох мэдлэгийн менежментийн тогтолцооны стандарт амжилттай нутагшиж байна. Энэ тухай туршлагаа тус цехийн Засварын мастер Т.Ганболд хуваалцлаа. Тэрээр, “Стандарт гэдэг ойлголтыг бид хэцүү, хүнд даалгавар мэт хүлээж авдаг ч бодит байдал дээр маш энгийн зүйл. Бидний өдөр тутмын ажлын байран дахь жижиг сайжруулалт л сайн жишиг, шилдэг туршлагыг бүтээж байдаг” гэсэн юм. Тус цех, хамт олныхоо хэрэгцээ, судалгааг үндэслэн ажил мэргэжлийн онцлогт тохируулан Мэдлэгийн менежментийн тогтолцоог нэвтрүүлжээ. Энэ нь “Мэдлэг түгээх ажлын байр” бий болгоход чухал суурь болсон байна. Хөтөлбөрийн танилцуулга, мэдээллийн дараа оролцогчид Автотээврийн цехийн Засварын хэсгийн мэдлэг түгээх ажлын байртай танилцан, арга туршлагаас судалж, санал солилцов.