“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон, “Энэрэл” төвийн хүүхдүүдэд шинэ жилийн мэнд хүргэж, бэлэг гардууллаа. 32 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй “Энэрэл” төвийнхөн олон сайхан амжилтаар шинэ оноо угтаж байна. Оюуны спортын дэлхийн аварга шалгаруулах Отелло тэмцээнд 9-р ангийн сурагч О.Энх-Эрдэнэ амжилттай оролцоод ирсэн бол тус төвийн тогооч Д.Ганзориг Тайланд улсад болсон олон улсын тогооч нарын А зэрэглэлийн тэмцээнээс мөнгөн медаль хүртжээ. Энэ бүх амжилтуудаа үйлдвэрийн Ерөнхий захирал болон удирдлагууддаа уламжлахын зэрэгцээ Эрдэнэт үйлдвэрийн 45 жилийн ойгоор төвийн бүх хүүхдүүдэд мөнгөн урамшуулал хүртээсэнд баяртай байгаагаа илэрхийлэв.
Энэ үеэр Ерөнхий захирал хүүхдүүдтэй халуун дулаан мэндэлж, “надаас хамгийн их хариуцлага, ажлын үр дүн нэхэх ёстой хүмүүс бол ирээдүй үеийнхэн та нар гэж бодож байна. Тиймээс Эрдэнэт үйлдвэрийнхээ 2023 оны үйл ажиллагааны тайлангаас товчхон танилцуулъя” гээд үйлдвэрлэл, эдийн засгийн төлөвлөгөөний биелэлт, зорилт бодлого шийдвэрээс мэдээлэл өгөв.
Түүнчлэн “Эрдэнэс Монгол” нэгдлээс шалгаруулсан “Эрдэнэсийн цом” үйл ажиллагаа дээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ байгаль орчин, нийгэм, засаглалын манлайлагчаар шалгарч, 2023 оны “Алтан Эрдэнийн цом” өргөмжлөл, 100 сая төгрөгөөр шагнуулсныг дурдаад, энэхүү шагналын мөнгөнөөс тодорхой хувийг нь “Энэрэл” төвийн хүүхдүүдийнхээ амьдарч, суралцах таатай орчин нөхцөлийг сайжруулж, тохижуулахад зориулахаа дуулгалаа.















