Цагаан тоосны нөлөөллийн бүсэд байрлах Говил, Баянцагаан багийн цэцэрлэг, сургуулийн анги танхим, Жаргалант сумын сургуулийн дотуур байрны өрөө тасалгааны цонхны салхивчинд тоосноос хамгаалах нано шүүлтүүрийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын санхүүжилтээр хийж байна.
Тус цэцэрлэгт тоос шороог 100 хувь шүүх, агаар чөлөөтэй нэвтрүүлэх, дөрвөн улирлын цонхны нано шүүлтүүр 60 ширхгийг тавьж, аюулгүй, цэвэр, тав тухтай орчин бүрдүүлэхэд уурхайчин хамт олон дэмжлэг үзүүллээ.
Солонгос улсын энэхүү шийдэл технологи нь тоосноос хамгаалаад зогсохгүй утаа, хорхой шавжаас ч сэргийлэх давуу талтай юм. Эрдэнэт үйлдвэр энэ ажилд 5.4 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ.
Мөн тус багийн сургуульд, ирэх онд Жаргалант сумын сургууль, цэцэрлэгийн цонхонд тоосноос хамгаалах нано шүүлтүүр хийхээр төлөвлөж байна.



















