“Эрдэнэт медикал” эмнэлэгт суурилуулсан дүрс оношилгооны шинэ тоног төхөөрөмжүүдийг өнөөдөр буюу “Уурхайчдын баярын өдөр”-өөр ашиглалтад хүлээн авлаа. Эрдэнэт үйлдвэрийн 6,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар ашиглалтад орж буй энэхүү тоног төхөөрөмжүүд нь дэлхийд тэргүүлэх “General Electric” компанийн дүрс оношилгооны MRI болон CT аппарат юм.
Уг тоног төхөөрөмжүүдийг ашигласнаар эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар хүртээмж нэмэгдэж, дэвшилтэт технологи бүхий оношилгоо, эмчилгээгээр иргэдэд үйлчлэх нөхцөл бүрдлээ. Уг MRI, CT дүрс оношилгооны тоног төхөөрөмж хүлээн авах ёслолд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий инженер Т.Батмөнх, Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны газрын дарга Ц.Бат-Энх, Орхон аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Д.Сүхээ, “Эрдэнэт медикал” эмнэлгийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Сувдаа, Үйл ажиллагаа хариуцсан орлогч захирал Л.Туул, “Интерсайнс” ХХК-ийн захирал Ц.Тэнгис болон нийгмийн цехүүдийн удирдлагууд, “Эрдэнэт медикал” эмнэлгийн эмч, ажилтнууд оролцлоо.
“Эрдэнэт медикал эмнэлэг”-ийн Дүрс оношилгооны тасгийн эрхлэгч Х.Дэнсмаа:
“Манай эмнэлэг “Эрүүл аз жаргалтай амьдралын төлөө” гэсэн уриатай ажилладаг. Эрдэнэт үйлдвэрийн 100% хөрөнгө оруулалтаар MRI болон CT тоног төхөөрөмжийг “Эрдэнэт медикал” эмнэлэг авч ашиглах гэж байна. Эдгээр тоног төхөөрөмжийг суурилуулж, ашигласнаар Хангайн бүсийн хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ бүрэн үзүүлнэ. Ингэснээр эмчлүүлэгчдийг Улаанбаатар руу явуулж төвлөрөл үүсгэхгүйгээр эндээ бүрэн оношлох боломж бүрдлээ. Энэ аппаратууд бүх төрлийн шинжилгээний тодосгогчтой. Хавдар судлалын төвд ийм оношилгооны аппаратууд бий. Одоо хангайн бүсийн хүмүүс тэнд очиж эмчлүүлэх шаардлагагүй боллоо. “General Electric” компанийн мэргэжлийн сургагч багш нар аппарат тус бүр дээр ажиллах эмч нарт сургалт явуулж байна. Мөн үйлдвэрлэлийн сургалтууд явагдана” гэв.
Тус тоног төхөөрөмжүүдийг нийлүүлэгч “Интерсайнс” ХХК-ийн захирал Ц.Тэнгис:
“GE компанийн оношилгооны Эхо аппаратууд дэлхийд алдартай. MRI аппарат нь 34 хувийн эрчим хүч хэмнэнэ. Өдөрт олон арван хүнд үйлчилнэ. Гурван минутад цус харвалтыг оношилно. 50 минутад бүтэн нурууны зураг авахаас гадна хими эмчилгээний дараа хүний биед хавдар үүсэх эсэхийг үзэх боломжтой. Орчин үеийн маш өндөр хурдтай ийм тоног төхөөрөмжүүд юм. Энэ хурд, ашигт үйлийн коэффициентыг яагаад ярьж байна вэ гэвэл Монгол Улсад ЭМД-ын шинэ тогтолцоо нэвтрээд хэдэн жил боллоо. Уг тогтолцоо цаашид төгөлдөржөөд явна. Гаднын оронд энэ тогтолцоо олон жилийн өмнө нэвтэрсэн. Тэгэхээр эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашигт үйлийн коэффициент, хөрөнгө оруулалтын өгөөж гэдэг зүйл яригддаг. Энэ нийлүүлсэн тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтын ашигт үйлийн коэффициент, үр өгөөж маш өндөр юм. Нэгж шинжилгээ хийх хугацаа багасаж, эрчим хүчний хэмнэлт гарч байгаа. Тэгэхээр худалдан авалт хийсэн эмнэлэгт, хортой цацрагт өртөж буй өвчтөнүүдэд олон давуу талтай дэвшилтэт технологи юм” хэмээн онцлов.















