“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын цацрагийн үүсгүүр хэрэглэгч бүтцийн нэгжүүдийн цацрагтай ажиллагчид, ХАБЭА-н мэргэжилтнүүд ионжуулагч цацрагийн аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдлаа.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын баталсан журам, Ерөнхий захирлын ХЭМАБ-ын багц сургалтын тушаалын дагуу гурван жил тутам явагдсан уг сургалтад 51 ажилтан оролцов.
Энэ удаагийн ионжуулагч цацрагийн аюулгүй ажиллагааны сургалт нь чадамжид суурилсан арга барилаар, онолын мэдлэгээс илүү ажлын байран дээр цацрагтай аюулгүй ажиллах практик мэдлэг чадвар эзэмшүүлснээрээ онцлог байлаа.
Тэд үйлдвэрийн газрын бүтцийн нэгжүүдийн ялгаатай цацрагийн үүсгүүрт хяналтын үзлэг, үнэлгээ хийж, багаар ажиллав. Ионжуулагч цацраг гэдэг нүдэнд харагдахгүй, гарт баригдахгүй, үнэргүй, зөвхөн хэмжилтээр тогтоогддог. Иймээс хэмжилтийн багаж хэрэгслийг ашиглах, үр дүнд боловсруулалт, дүн шинжилгээ хийх арга барилд суралцжээ.
Түүнээс гадна тухайн ажлын байранд цацрагийн аюулгүй ажиллагааг сайжруулах, илүү боловсронгуй болгох санал боловсруулж хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.





















