Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 101 жилийн ойд зориулан “Эрдэнэс Монгол” нэгдлээс “МОНГОЛЫН УУРХАЙЧДЫН ӨДӨР”-ийн нэгдсэн баярын хурал өнөөдөр зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаанд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүд, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагын баг хамт болон “Эрдэнэс Монгол” нэгдлийн охин, хараат, харьяа компаниуд болон төслийн нэгжийн удирдлагууд, ажилтан, албан хаагчдын төлөөлөл оролцсон байна. 2007 онд байгуулагдсан Эрдэнэс Монгол Нэгдлийн зорилго нь стратегийн ач холбогдолтой болон бусад томоохон төрийн өмчийн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулж, үнэ цэн бүхий бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нийлүүлэн өгөөжийг өсгөх, Үндэсний баялгийн санг бүрдүүлэх, Монгол Улсын хөгжил, дэвшилд хувь нэмэр оруулахад оршдог. Монгол Улсын Засгийн газар 2022 оноос “Эрдэнэс Монгол” нэгдэлд шинэ бүтэц, зохион байгуулалт хийснээр нэгдлийн хэмжээнд 30 компани, үйлдвэрийн газар харьяалагдаж нэг зорилго, нэгдсэн стратеги, төлөвлөгөөний хүрээнд хүчээ нэгтгэн ажиллаж байна.
Эрдэнэс Монгол нэгдэл нь 2023 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр борлуулалтын орлого 2.2 дахин их буюу 17.8 их наяд төгрөг, татвар төлөлтийн хэмжээ 1.9 дахин их буюу 4.5 их наяд төгрөгийг тушааж түүхэн дээд амжилт тогтоожээ. “Эрдэнэс Монгол” нэгдлээс жил бүр нэгдлийн ололт, амжилтаа дүгнэн “Монголын уурхайчдын өдөр”-ийг тохиолдуулан “ЭРДЭНЭСИЙН ЦОМ” арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулж байхаар болов.
2023 оны
- “АЛТАН ЭРДЭНИЙН ЦОМ”-оор Эрдэнэс Монгол нэгдлийн Байгаль орчин, нийгэм, засаглалын манлайлагч "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ,
- “ОЮУ ЭРДЭНИЙН ЦОМ”-оор Менежментийн үйлчилгээг сайн хэрэгжүүлэгч “Шивээ-Овоо” ХК,
- “ОЧИР ЭРДЭНИЙН ЦОМ”-оор Эрдэнэс Монгол нэгдлийн оны шилдэг компани - “Эрдэнэс Тавантолгой” ХК шалгарч, өргөмжлөл 100 сая төгрөгийн хамт гардан авсан байна.

Баярын үйл ажиллагаанд Монгол Улсын Баатар “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын 45 жилийн ойн “Энэ цагийн Эгэл баатрууд” урлагийн их наадмын оролцогчид, урансайханчид ШИЛДЭГ үзүүлбэрүүдээсээ толилуулжээ.















