Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудын даваа гаригийн ээлжит шуурхай зөвлөгөөн хуралдаж, цаг үеийн асуудалд анхаарлаа хандууллаа.
Өнгөрсөн долоо хоногт Эрдэнэт үйлдвэрийн 2024 оны төсөв, хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, үйлдвэрийн газрын бүтэц, зохион байгуулалтыг “Эрдэнэс Монгол” нэгдлийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанаар баталсан байна. Ингэснээр төрийн өмчит үйлдвэрийн газруудаас Эрдэнэт үйлдвэр хамгийн түрүүнд ирэх оны бизнес төлөвлөгөөгөө батлуулжээ. 2024 оны төсөв, төлөвлөгөө батлагдсантай холбоотойгоор нарийвчилсан төлөвлөлт, тухайлбал худалдан авалт, цех нэгжүүдийн зардал гэх зэрэг тус бүрээр нь төлөвлөгөө боловсруулан, хуульд нийцүүлэн ажиллана гэж Тамгын газрын дарга Д.Үүрийнтуяа мэдээлэлдээ онцлов. Үйлдвэрийн газрын бизнес төлөвлөгөө батлагдсанаар ирэх жилийн хийж хэрэгжүүлэх ажлын цар хүрээ, зорилт тодорхой болж байна.
Энэ долоо хоногийн пүрэв гаригт буюу 12 сарын 14-нд Эрдэнэт үйлдвэрийн 45 жилийн ойн өдөр тохионо. Ойн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх Ажлын хэсгийн төлөвлөгөөний дагуу 200-300 ажилтан бэлтгэл хангаж буйг Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны газрын дарга Ц.Бат-Энх онцоллоо. Түүхт ойн хүрээнд хоёр өдрийн үйл ажиллагаа зохион байгуулах бөгөөд эхний өдөр “Эрдэнэт үйлдвэр-45” архивын түүхэн баримтын үзэсгэлэн, баярын хурал, хүндэтгэлийн концерт Соёл урлагийн цогцолборт болно. 12 сарын 15-нд Эрдэнэт үйлдвэрийн Шилдэг ажилтнуудыг алдаршуулах ёслол, хүндэтгэлийн үйл ажиллагаа Хангарьд паласт болно. Энд үйлдвэрийн бүтцийн цех нэгжийн 450 ажилтны төлөөлөл оролцох юм.
Орхон аймгийн Засаг даргын захирамжийн дагуу аймгийн хэмжээнд бага насны хүүхдүүдийн дунд томуу, томуу төст өвчний тархалт ихэссэнтэй холбогдуулан 0-5 насны хүүхэдтэй эмэгтэй, өрх толгойлсон эрэгтэй ажилтнуудад үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагаа алдагдуулахгүйгээр тэтгэмжтэй чөлөө олгох, хөдөлмөр зохицуулалтыг Ерөнхий захирлын тушаалын дагуу хийхээр шийдвэрлэснийг Хүний нөөц, захиргааны хэлтсийн дарга О.Отгонбаяр мэдээллээ. Тэтгэмжтэй чөлөөг үйлдвэрийн бүтцийн цех нэгжүүдийн 163 ажилтанд олгоно. Цаашид томуу, томуу төст өвчин нэмэгдэх хандлагатай байгаа тул хүний хүчин зүйлийн алдагдал гаргахгүй байх үүднээс ажилтнууддаа эрүүл мэндээ хамгаалах, урьчилан сэргийлэх талаар заавар зөвлөгөө өгч ажиллахыг цех нэгжийн удирдлагуудад уриаллаа.















