Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд Хүний нөөцийн хөгжлийн цогц хөтөлбөр хэрэгжиж байгаагийн нэг нь “Манлайлал, авьяас чадварын хөтөлбөр” юм. Тус хөтөлбөр энэ онд оролцогчдынхоо мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх, тэдний санал санаачилгад тулгуурлан үйлдвэрийн газарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, бүтээмжийг дээшлүүлэх, ажил сайжруулах, үргүй зардлыг багасгах зэрэг хамт олон, нийгэмд эерэг өөрчлөлт бий болгох зорилгоор багаараа хэрэгжүүлэх төслийн ажлыг 05-р сарын 01-ээс эхлүүлсэн. Хөтөлбөр хэрэгжүүлэх дэд ажлын хэсгийнхэн энэ сарын 06-ны өдөр оны ажлаа дүгнэж, шилдэг төсөл хэрэгжүүлэгч баг, оролцогчдоо тодрууллаа.
“Манлайлал, авьяас чадварын хөтөлбөр”-ийн оролцогчид зургаан багт хуваагдан, өнгөрсөн 5-р сарын 10-нээс 11-р сарын 01 хүртэлх хугацаанд Үйлдвэрийн газрын хэмжээнд тулгамдаж буй асуудлуудаас тодорхой нэг, нэг сэдэв сонгож, төсөл боловсруулан хэрэгжүүлсэн байна. Сонгож хэрэгжүүлэх төслийн сэдэв нь үйлдвэрийн ямар нэг тушаал шийдвэрт тусгагдаагүй, шинэлэг, өгөөжтэй санал шингэсэн байх ёстой бол онол, практикийн судалгаа болон статистик тоон үзүүлэлт ашигласан байх, асуудлыг зөв тодорхойлсон байх, шинэлэг санаа, тодорхой шийдлийг дэвшүүлсэн байх, өртөг зардлыг бууруулсан байх, аюулгүй ажиллагааг дээшлүүлсэн байх, бүтээмжийг нэмэгдүүлсэн байх зэрэг шалгуур үзүүлэлттэй байв.
Манлайлал, авьяас чадварын хөтөлбөр хэрэгжүүлэх ажлын хэсэг энэхүү шалгуур үзүүлэлтүүдээр багуудын дунд зарласан төслүүдийн эцсийн шалгаруулалтыг дүгнэсэн байна. Шилдэг төслөөр, “LEAD 4 EMC” багийн "ОНЧ Апп" төсөл тэргүүлж, SYNERGY багийн "Эрчим хүчний ухаалаг хэрэглээ, үр ашгийг нэмэгдүүлэх боломж" төсөл, INFLUENCER багийн "Ухаалаг гэрэл" төсөл удаах байруудад тус тус шалгарч, шилдгүүдийн шагналыг гардлаа.
Багууд сэдвээ сонгож, төсөл хэрэгжүүлэхийн өмнө Хөтөлбөр хэрэгжүүлэх ажлын хэсгийн зүгээс Скиллап Консалтинг ХХК-тай хамтран “Төслийн менежмент”, “Төслийн удирдамж боловсруулах” сэдвээр танхимын болон онлайн сургалтууд зохион байгуулж, баг тус бүрд тусгайлсан уулзалт, зөвлөмжийн цаг, хуваарь гарган ажилласан байна. Мөн төслийн ажил хэрэгжүүлэх хугацаанд баг тус бүр зөвлөх ментор сонгон, өөр өөрийн төсөлд зөвлөмж, дэмжлэг авах боломжийг бүрдүүлжээ.
Ийнхүү, “Манлайлал, авьяас чадварын хөтөлбөр”-ийн оролцогчид тодорхой асуудлыг сонгож төсөл болгон хэрэгжүүлэхдээ “Төслийн менежмент”-ийн арга зүйд суралцаж, онолын мэдлэг, гарын авлагатай болж, хэрэгжилтийн явцад бодит туршлага хуримтлуулахын зэрэгцээ алдаа, оноогоо бусадтайгаа хуваалцсан, үр дүнгээ үзсэн амжилттай байлаа.















