Эрдэнэт үйлдвэр 2023 онд архив, албан хэрэг хөтлөлтийн 26 ажилтандаа Монгол Улсын архив, албан хэрэг хөтлөх дүрмийн дагуу мэргэжлийн ахлах зэргийн нэмэгдлийг олголоо. Энэ бол архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтнуудын хувьд мэргэжлийн зэргээ ахиулах, өвлүүлэх, нэмэгдэл авах олон боломжийг нээж өгсөнд баяртай байна. Мөн Эрдэнэт үйлдвэр, архив албан хэрэг хөтлөлтийн салбарт анхны тусгай зориулалтын архивын барилгыг улсын комиссоос хүлээн авч, ашиглалтад оруулсан нь 45 жилийн түүхийн сан хөмрөг бий болгох том бүтээн байгуулалт боллоо” хэмээн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хүний нөөц, захиргааны хэлтсийн дарга О.Отгонбаяр, Архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтны мэргэжлийн өдөрт зориулсан Хүндэтгэлийн үйл ажиллагааны үеэр онцоллоо. Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд нийт 60 гаруй архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтан ажилладаг.
Тэд энэ удаа мэргэжлийн өдрөө мэдлэг ур чадвараа дээшлүүлэхийг чухалчилж, ажил мэргэжлийнхээ дагуу эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж, уралдсан байна. Уралдаанд Б.Аззаяа ахлагчтай Баяжуулах үйлдвэр, ДЦС, Холбоо, мэдээллийн технологи, автоматжуулалтын цех, Хүний нөөц, захиргааны хэлтэс, Засвар, угсралтын цехийн хамтарсан баг тэргүүлж, Б.Ганбат ахлагчтай Хүний нөөц захиргааны хэлтэс дэд байр, Э.Анх-Эрдэнэ ахлагчтай Засвар, механикийн завод, “Эрдэнэт” сувиллын цогцолборын хамтарсан багууд гуравдугаар байранд тус тус шалгаран, шилдгүүдийн шагнал хүртлээ.
Архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтнуудын мэргэжлийн өдрөөр олон ажилтан Засгийн газрын болон аймаг орон нутгийн шагналаар шагнагдсаныг Хүндэтгэлийн үйл ажиллагааны үеэр гардууллаа. Хүний нөөц, захиргааны хэлтсийн бичиг хэргийн ажилтан Х.Нямсүрэн “Хөдөлмөрийн тэргүүний ажилтан” болсон бол тус хэлтсийн Тэргүүлэх мэргэжилтэн Н.Мөнхбаяр, орчуулагч Ц.Орхон нар “Тэргүүний уурхайчин” цол тэмдгээр шагнуулсан. Мөн Хүний нөөц, захиргааны хэлтсийн бичиг хэргийн ажилтан Д.Ундрах-Эрдэнэ, Ус хангамжийн цехийн бичиг хэргийн ажилтан Н.Бямбасүрэн нар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны “Жуух бичиг”, архивч М.Энхзаяа, бичиг хэргийн ажилтан Т.Баясгалан нар Архивын Ерөнхий газрын “Хүндэт жуух бичиг”, архивын сан хөмрөгийн эрхлэгч О.Дариймаа, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн Б.Оюунгэрэл, архив албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтан Г.Энхгэрэл, О.Намбаржумаа, Баяжуулах үйлдвэрийн бичиг хэргийн ажилтан Б.Аззаяа нар Орхон аймгийн ИТХ-ын “Жуух бичиг”-ээр тус тус шагнагдлаа. Түүнчлэн, мэргэжлийн өдөрт зориулан зохион байгуулагдсан “Шилжин явах цом”-ын төлөөх спортын 4 төрөлт тэмцээний шилдгүүд шагналаа гардаж авав.
Архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтнууд өнгөрч буй 2023 онд зохион байгуулсан томоохон үйл ажиллагаануудын талаар Хүний нөөц, захиргааны хэлтсийн Албаны дарга Б.Мөнхцэцэгийн мэдээллийг сонсож, эрдэм шинжилгээний өгүүллийн уралдаанд тэргүүлсэн шилдэг илтгэлүүдийг хэлэлцэн мэргэжлийн өдрөө ажил хэрэгч тэмдэглэн өнгөрүүллээ.















