Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудын шуурхай зөвлөгөөн удахгүй болох 45 жилийн ойн өдрүүдийн үйл ажиллагаа болон оны үйлдвэрлэл эдийн засгийн төлөвлөгөөний биелэлт зэрэг асуудлыг хэлэлцэж, мэдээлэл солилцлоо.
Өнөөдөр буюу 12 сарын 4-ний өглөөний 08 цагаас эхлэн ханиад томууны эсрэг вакцинжуулах ажил үйлдвэрийн гурван цэгт эхэлж байна. Ханиад томуунаас урьдчилан сэргийлэх вакцинд сайн дурын үндсэн дээр хамруулах бөгөөд Ерөнхий захиргааны 1-р байр, Засвар механикийн завод, Эрдэнэт Сувиллын цогцолборын байранд эхний ээлжинд вакцин хийлгэхээр саналаа өгсөн 1000 орчим ажилтнууд хамрагдах юм. Олдоц, хүртээмж ховор байгаа тус вакциныг Эрүүл мэндийн яамтай хамтын ажиллагааны хүрээнд татан авчирсан байна.
Оны эхнээс үйлдвэрлэлийн дөрвөн үзүүлэлт хоцрогдолтой байгаа нь уулын цул гаргалт, хүдэр олборлолт, хөрс хуулалт, ачаа эргэлтийн төлөвлөлт. Энэхүү дөрвөн үзүүлэлтээ оны төгсгөлд биелүүлэхийн тулд хүдэр, хөрс тээвэрлэлтийн компаниудтай шинээр гэрээ байгуулан ажиллаж байна. Тэдгээр компанийн хүнд даацын машин техникүүдийн бүрэн бүтэн байдал, дугуйн эвдрэл зэргээс урьдчилан сэргийлж, энэ чиглэлээр Ил уурхайн замын хэсэг, Авто тээврийн цехүүд онцгой анхааран ажиллах шаардлагатай. Мөн ХАБЭА-н хэлтэс хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгаа, дотоод дүрэм журмыг нягт баримтлуулах, зөвлөмж өгч ажиллахыг анхаарууллаа. Ингэснээр Эрдэнэт үйлдвэрийн 2023 оны үйлдвэрлэлийн төлөвлөгөө бүрэн биелж, хоцрогдол нөхөх боломж бүрдэж байгааг Ерөнхий инженер Т.Батмөнх онцлов.
Эрдэнэт үйлдвэрийн түүхт 45 жилийн ой энэ сарын 14-ний өдөр тохионо. Хэмнэлтийн хуулийн дагуу өргөн цар хүрээтэй баяр ёслолын арга хэмжээ зохион байгуулахгүй ч энэ онд төлөвлөн хийсэн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын зарим ажлуудаа хүлээн авч, ашиглалтад оруулна. Энэ үеэр хүндэт зочдод үйлдвэрийн үйл ажиллагаа, төрийн өмчит үйлдвэрийн газар болсноор гарсан ололт амжилтын талаар танилцуулах юм. Мөн 15-ны өдөр 2023 оны Эрдэнэт үйлдвэрийн Шилдэг ажилтнуудыг алдаршуулж, шагнаж урамшуулахаар төлөвлөж байгаа аж.















