Орхон аймгийн ЗДТГ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн Орхон салбар хамтран Бүртгэл, санхүү, эдийн засагчдын дунд Санхүүчдийн баярыг угтан 14 хоногийн аян зарлаад байна. Энэхүү аяны хүрээнд 9 үйл ажиллагаа явуулахаар төлөвлөсөн бөгөөд аймгийн ЗДТГ мэргэшсэн нягтлан бодогчдын дунд секторын нягтлан бодох бүртгэлийн стандартын сургалт өнөөдөр боллоо.
Уг сургалт нь мэргэжлийн нэр хүнд, ач холбогдлыг нийгэмд таниулах, үнэлэмжийг нэмэгдүүлэх, төсөвт байгууллагуудын санхүүгийн тайлагналыг сайжруулахад чиглэсэн нь онцлог байв. Сургалтыг Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газрын ахлах мэргэжилтэн Д.Дариймаа удирдан явуулсан юм. Энэ үеэр нягтлан бодох мэргэжлийн үнэ цэн, ажлын байранд гардаг тулгамдаж буй асуудлаар санал бодлоо солилцлоо. Мөн олон нийт рүү чиглэсэн цахим залилангийн гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх, их дээд сургуулиудын оюутнуудын дунд уулзалт ярилцлага зохион байгуулах аж. Түүнчлэн 14 хоногийн аяны хүрээнд санхүүчид гар бөмбөг, дартс, ширээний теннис зэрэг спортын төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөх юм байна.
















