“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Стратеги, хөгжлийн газрын бүтээмжийн мэргэжилтэн А.Ариунтула Вьетнам улсад зохион байгуулагдсан Ногоон бүтээмжийн олон улсын сургалтад Монгол Улсаа төлөөлөн оролцжээ. Уг сургалтад 16 орны 25 бүтээмжийн мэргэжилтэн хамрагдаж, Азийн бүтээмжийн байгууллагын гишүүн орнууд дахь ногоон бүтээмжийн танилцуулга, судалгаа, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авах арга хэмжээ, шийдвэрлэх арга зам, үйлдвэржилт ба байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, дижитачлалын чиг хандлага, байгаль орчны болон тогтвортой хөгжлийн зорилт, ногоон бүтээмжийн арга зүй, материалын урсгал зардлын тооцоолол зэрэг 32 хэсэг бүхий 80 гаруй хичээлийн агуулга үзэж, багийн ажиллагаанд суралцсан байна.
1994 онд ногоон бүтээмжийн тогтвортой хөгжлийн хандлагыг санаачилж, 2013 оноос Ногоон бүтээмжийн төв байгуулан харилцагч орнууддаа нэвтрүүлж эхэлсэн Азийн бүтээмжийн байгууллага Ногоон бүтээмжийг үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, сайжруулахтай холбогдсон стратеги, нийгэм, эдийн засгийн цогц үйл ажиллагаа гэж тодорхойлжээ. Энэ нь байгууллагын үйл ажиллагаа болон бараа, ажил, үйлчилгээний байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулахад бүтээмж, байгаль орчны менежементийн арга хэрэгсэл, техник технологийг ашиглах явдал хэмээн сургалтаар онцолжээ.

Бүтээмжийн мэргэжилтэн А.Ариунтула: Дэлхийн хүн ам өсч, хотжилт нэмэгдэхийн хэрээр хог хаягдал, эрчим хүчийг их хэмжээгээр үйлдвэрлэж байгаа нь дэлхийн уур амьсгалыг өөрчилж, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байна. Сүүлийн жилүүдэд эрчимтэй явагдаж буй уур амьсгалын өөрчлөлтийн улмаас дэлхий дахинд цэнгэг усны нөөц хомсдож, хуурайшилт, цөлжилт газар авч, үер ус, далайн шуурга дэгдэх зэрэг байгалийн гамшигт үзэгдлийн давтамж эрс нэмэгдэж байгаа нь хүн төрөлхтний анхаарлыг татсаар байна.

Шугаман эдийн засгийн үед байгалийн баялагийг ашиглан үйлдвэрлэл явуулж, хог хаягдлыг байгальд шууд хаядаг байсан. Энэ үед дэлхийн улс орнуудад жил бүр 100 тэрбум тонн материал нийлүүлэгдсэнээс 8.6 хувь нь эдийн засгийн эргэлтэд ордог байжээ. Үүнээс шалтгаалан байгальд их хэмжээний хог хаягдал бий болж, эрчим хүчний хэрэглээ өсч, 2017 онд нэг хүний үйл ажиллагаанаас хамааралтайгаар дэлхийн дулаарал нэг хэмээр нэмэгдсэн бол 2020 онд 1.1 болж өссөн байна. Тиймээс улс орнууд уур амьсгалын өөрчлөлтийн хурдыг сааруулахын тулд хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрлэл болон сэргээгдэх эрчим хүч хэрэглэж хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах ажлуудыг хийж хэрэгжүүлж байна. Мөн улс орон бүр үйлдвэрлэл үйлчилгээндээ дижитал технологи нэвтрүүлж, бизнесээ илүү ашигтай байлгах, шинэ бизнесийн илүү ухаалаг системийг бий болгоход анхаарч байна. 2005 онд дэлхийн хэмжээнд 500 сая төхөөрөмж, 2016 онд 8 тэрбум төхөөрөмжийг дижитал хэлбэрт шилжүүлсэн бол 2030 он гэхэд 1 их наяд төхөөрөмж дижитал хэлбэрт шилжих судалгаа бий. Вьетнам улс гэхэд хүлэмжийн хийг бууруулахын тулд автоматжуулалт нэвтрүүлсэн жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг компаниудад Засгийн газраас хөнгөлттэй зээл олгох замаар асуудлыг шийдэж байна. Эдгээр олон зорилтод хүрэх суурь нь чанар, олон улсын стандарт бөгөөд байгууллага ISO:9001 Чанарын удирдлагын тогтолцоо, ISO:9001 Байгаль орчны менежментийн тогтолцоо, ISO:45001 Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо, ISO:50001 Эрчим хүчний менежментийн тогтолцоог нэвтрүүлэх болон бусад стандартыг мөрдөж ажиллах нь чухал гэж ярилаа.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ ISO:9001 Чанарын удирдлагын тогтолцоо, ISO:45001 Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоог хэрэгжүүлж байгаа нь нэг том амжилт юм. Харин хог хаягдлын менежментээ сайжруулахын тулд үйлдвэрээс ямар хэмжээний энгийн, хатуу, нойтон, аюултай болон ус, төмрийн хог хаягдал гарч байгааг хэмжиж, аргачлал боловсруулан хүлэмжийн хийн ялгарлын түвшинг хэр хэмжээгээр бууруулж чадаж байгааг судлах хэрэгтэй. Мөн эрчим хүчний хэрэглээг бууруулах, нар, салхины эрчим хүчний нөөц ашиглах боломжийн талаар судалгаа хийж, ухаалаг, энгийн төсөл хэрэгжүүлснээр үйлдвэрт ашиг тусаа үзүүлэх боломжтой юм гэв.















