Эрдэнэт үйлдвэрээр овоглож, эх орныхоо нэрийг тив дэлхийд өргөсөн олон арван алдарт тамирчдын уурхай, Спорт цогцолборын 40 жилийн ойн ёслол тус цогцолборын Хангарьд паласт боллоо. Түүхт 40 жилийн ойдоо зориулан Спорт цогцолборынхон гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж, ялалт бахархлын цаг хугацааг эргэн сануулав. Ойн нээлтийн үйл ажиллагаанд тус цогцолбороос төрөн гарсан спортын зүтгэлтнүүд, Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч, Спорт цогцолборын дарга асан Д.Баясгалан, Атлантын зуны олимпын хүрэл медальт, МУГТ Д.Нармандах, МУГТ, боксын тамирчин Т. Үйтүмэн, Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч, Чөлөөт бөхийн дасгалжуулагч Ч.Раднаабазар, МУГТ, Үндэсний сурын дархан мэргэн Ш.Даваахүү нар хүндэт зочноор уригдаж, дурсамж дурдатгалаа хуваалцлаа.
Баярын үйл ажиллагаанд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны газрын дарга Ц.Бат-Энх, Спорт цогцолборын үе үеийн багш дасгалжуулагч, тамирчид болон нийт хамт олонд түүхт 40 жилийн мэнд дэвшүүлж, баяр хүргэхийн ялдамд зарим ажилтнуудад ажилтнуудад шагнал гардуулав. Монгол Улсын Засгийн газрын шагнал, Биеийн тамир спортын тэргүүний ажилтан цол, тэмдгээр тус цогцолборын Нийтийн биеийн тамир чийрэгжүүлэлтийн хэсгийн Арга зүйч Б.Мөнхбат, Э.Эрдэнэбаяр, Эрчим хүчний тэргүүний ажилтан цол тэмдгээр, Техникийн хэсгийн Тохируулгын инженер Л.Батмагнай, Эрчим зүйч Х.Эрдэнэдэлгэр, Биеийн тамир, спортын улсын хорооны жуух бичгээр, Эмнэлэг лабораторийн хэсгийн Массажчин Ц.Тунгалаг, Сархиа байгалийн чийрэгжүүлэлтийн хэсгийн Зохион байгуулагч С.Эрдэнэчимэг, Монгол улсын Эрчим хүчний яамны жуух бичгээр, Техникийн хэсгийн Цахилгаанчин Ж.Батцэнгэл, Монголын Үндэсний Олимпийн хорооны Алтан медалиар, Усан сангийн хэсгийн Арга зүйч Д.Оюун-Эрдэнэ нарыг шагнасан бол Сархиа байгалийн чийрэгжүүлэлтийн хэсгийн Үйлдвэрлэлийн байрны цэвэрлэгч Э.Ичинхорлоод Орхон аймгийн Хүндэт тэмдэг, Усан сангийн хэсгийн Арга зүйч Г.Галбадрахад Орхон аймгийн Засаг даргын Жуух бичиг, Шигшээ багийн хэсгийн Ахлах дасгалжуулагч С.Лхагвабаатарт Баян-Өндөр сумын Засаг даргын Жуух бичиг, Захиргааны хэсгийн Эдийн засагч М.Идэрсайханд Баян-Өндөр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Жуух бичиг гардууллаа.
Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх Спорт цогцолборын түүхэн замнал 1977 онд сургалтын төвийн спорт заалаас эхэлж байсан бол 1983 онд тухайн үеийн Монгол, Зөвлөлтийн барилгачдын хамтын хүчээр Спорт цогцолборын барилга ашиглалтад орсноор эдүгээг хүртэлх амжилт ялалт, бахархал дэвшлийн түүчээ болох хөгжлийн үүд нээгдсэн юм. Их спортыг дэмжигч Эрдэнэт үйлдвэрийн бүхий л цаг үеийн дэмжлэг, багш дасгалжуулагч, ажилтан ажиллагсдын нөр их хөдөлмөр, спортод дуртай тамирчин бүрийн зорилго тэмүүллийн цогц зүтгэл дээр амжилт алдрын уурхай болсон Спорт цогцолборынхон ийнхүү 40 жилийн ойтойгоо золголоо.