“Эрдэнэт” сувиллын цогцолбороос сувилагч, тусгай мэргэжилтнүүдийнхээ дунд “Чадварлаг мэргэжилтэн-2023” уралдааныг Соёл, урлагийн цогцолборын бага танхимд зохион байгууллаа.
Уралдаанд таван баг оролцож, осол гэмтэл, зүрхний шигдээс, тархины цус хомсрох хам шинж, харшлын шокийн үеийн амилуулах болон лавшруулсан тусламж үйлчилгээг гардан хийж, ур чадвараа сорьсон юм. Түүнчлэн, багууд мэндчилгээ дэвшүүлэн, бүх гишүүд мэргэжлийн мэдлэгээ, багийн ахлагч нар IQ-ийн чадвараараа өрсөлдсөн. Мөн сувилагч мэргэжилтнээс сорилын шалгалтыг Эрүүл мэндийн сайдын 814, 294 тоот тушаалуудын дагуу “google forms” ашиглан авсан юм.
Уралдааны нийлбэр дүнгээр Г.Нарангэрэл ахлагчтай “Эрч” баг түрүүлж, Д.Цэрмаа ахлагчтай “Аврал” баг дэд байр, Н.Түмэндэмбэрэл ахлагчтай “Золбоо” баг гутгаар байрт шалгарсан.
Ес дэх жилдээ зохион байгуулж буй уг уралдаан нь сувилагч, тусгай мэргэжилтнүүдийн гардан үйлдлийн стандартын хэрэгжилтийг хангах, мэдлэг ур чадвар, багийн ажиллагааг дээшлүүлэх, тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах зорилготой. Ажил мэргэжлийн энэ удаагийн уралдаан “Бусдаасаа суралцъя” уриан дор багийг сугалаагаар бүрдүүлсэн ба цахим хэлбэрийг ашиглан явуулснаараа онцлог байлаа.