Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх Энэрэл төвийн хүүхдүүд төрсөн өдрөө өнөөдөр тэмдэглэлээ. Энэхүү 31 удаагийн төрсөн өдрийн ёслолд Үйлдвэрийн газрын Хүний нөөц, захиргааны хэлтсийн дарга О.Отгонбаяр, Сэлэнгэ амралт, аялал жуулчлалын цогцолборын дарга И.Жаргалсайхан, Эрдэнэт үйлдвэрийн Эмэгтэйчүүдийн Холбооны төлөөлөл, Энэрэл төвийн багш, ажилчид, хүүхэд багачууд оролцлоо. Энэ үеэр тус төвийн багш нар өвөрмөц хэлбэрээр мэндчилгээ дэвшүүлж, хүүхдүүдийн бэлтгэсэн урлагийн номерыг үзэж сонирхов. Энэрэл төвийн нийгмийн ажилтан Д.Оюунчимэгтэй уулзахад : “Манай Энэрэл төвд нийт 67 хүүхэд сурч хүмүүждэг. Бага насны буюу цэцэрлэгийн 9 хүүхэдтэй. 2023-2024 оны хичээлийн шинэ жилд 13 төрлийн дугуйланд давхардсан тоогоор 50 хүүхэд хамрагдаж байна. Итали улсад болсон дэлхийн аварга шалгаруулах Отелло оюун ухааны тэмцээнд тус төвийн 9-р ангийн сурагч О.Энх-Эрдэнэ 13-р байр эзлэлээ. Энэ хүүхэд Отелло оюун ухааны тоглоомоор тасралтгүй хоёр жил хичээллэсэн. Маргааш хүүхдүүдийн дунд хөгжөөнт тоглоомоор буухиа тэмцээн зохион байгуулна. Мөн ахлах ангийн сурагчид спортын төрлөөр өрсөлдөж, хүүхдүүдийнхээ төрсөн өдрийг уламжлал ёсоор хоёр өдөр тэмдэглэнэ”гэв.
2023-12-03
Билгийн тооллын 21