Олон улсын стандартчиллын байгууллагаас зарлан тунхагласан “Дэлхийн чанарын өдөр”, “Үндэсний чанарын долоо хоног”-ийг тохиолдуулан Монгол Улсын баатар, зууны манлай бүтээн байгуулалт, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын баялаг бүтээгч уурхайчид Та бүхэндээ Чанар хяналтын хэлтсийн хамт олны өмнөөс чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь эдүгээ үйл ажиллагаандаа Чанарын менежментийн тогтолцоо ISO9001, Хүний нөөцийн менежментийн ISO 30400 багц стандарт, Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо ISO 45001 стандартуудыг хэрэгжүүлээд байна.
Чанарын хяналтын хэлтэс нь тус үйлдвэрийн Ерөнхий захирлын 2022 оны 08 сарын 31-ний өдрийн “Чанарын менежментийн тогтолцооны ISO9001:2015 стандартыг хэрэгжүүлэх тухай” А/558 дугаар тушаалын дагуу “ОБЗЕРВСТАР” ХХК-тай хамтран үйлдвэрийн газрын чанарын менежментийн тогтолцооны хамрах хүрээг өргөтгөж үйлдвэрийн газрын 44 бүтцийн нэгжийн үйл ажиллагааг хамруулан чанарын менежментийн тогтолцооны ISO9001:2015 стандартыг хэрэгжүүлэх төслийг амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд Стандарт, хэмжил зүйн газрын даргын зөвлөлийн 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн хурлын шийдвэрээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үйл ажиллагаанд ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлсэн гэрчилгээг гурван жилийн хугацаагаар буюу 2026 оны 08 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл олголоо. Энэхүү төслийн хүрээнд чанарын менежментийн тогтолцооны хамрах хүрээний төсөл, чанарын бодлогын төсөл, Дээд удирдлагын чанарын амлалтын тунхаг бичгийн төслийг хамт олноороо хэлэлцэж бодлогын баримт бичгүүдэд гарын үсэг зурж, баталгаажуулснаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь анх удаа Чанарын бодлоготой болсон юм.
Манай хамт олны сүүлийн нэг жилийн хугацаанд гүйцэтгэсэн Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001, хүний нөөцийн менежментийн ISO 30400 багц стандарт, Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо ISO 45001 стандартуудын хэрэгжилтийн үр дүнг өндрөөр үнэлж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг чанар, стандартаар тэргүүлэгч “Шилдэг аж ахуйн нэгж, байгууллага”-аар өргөмжиллөө. Энэхүү нэр хүндтэй шагналыг Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, Хэмжилзүйн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим хамтран зохион байгуулсан “Үндэсний чанарын долоо хоног”, Үндэсний чанарын чуулган дээр анх удаа гардуулсанд хамт олныхоо өмнөөс туйлын баяртай байна.
Мөн манай хамт олон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, экспортын бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, хэрэглэгчийн шаардлагыг хангасан чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх, импортыг орлох бүтээгдэхүүний төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэхийн тулд үндсэн үйлдвэрлэлийн шат дамжлага, технологийн горим, экспортод ачигдаж байгаа зэс, молибдены баяжмал, гаднын нийлүүлэлтийн хяналтын ажлыг гүйцэтгэж, Чанар, стандарт, итгэмжлэл, менежментийн тогтолцооны талаарх асуудлуудыг хариуцан, үйлдвэрийн газрын хэмжлийн нэгдмэл байдлыг ханган ажиллах үндсэн үүргээ амжилттай хэрэгжүүлэн, төлөвлөгөөт даалгавраа 100 давсан хувиар биелүүлсэн амжилтаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 45 жилийн ой, Чанарын хяналтын хэлтсийн 21 жилийн ойгоо угтаж байна.
Монгол Улсын бүхий л салбарт ус, агаар мэт хэрэгтэй, хөгжлийн түлхүүр болсон стандартыг нэвтрүүлэх, хэрэгжүүлэх, боловсруулах, бүтээгдэхүүн, үйлдвэрлэл, үйлчилгээний чанар стандартын шаардлагыг хангаж ажиллахад “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын баялаг бүтээгч хамт олны хөдөлмөр, мэдлэг чадвар, оюун ухаан хэмжээлшгүй өргөн орон зай эзэлдэг билээ.
Ингээд чанарыг эрхэмлэгч, дэмжигч үйлдвэрийн газрын бүтцийн нэгжүүд болон хамтран ажилладаг аж ахуй нэгж байгууллагууд Та бүхэндээ баяр хүргэж, “Чанар-тогтвортой хөгжил” уриан дор үндэсний бүтээгдэхүүн, үйлдвэрлэл, үйлчилгээний чанараар дэлхийн түвшинд хүрч, өрсөлдөхийг уриалан ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.
“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ-ЫН ЧАНАР ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН ДАРГА О.ЭРДЭНЭБАТ
Мэндчилгээ
Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0















