Дөрвөн арваныг таван жилээр ахиулж, түүчээ хөгжлийн шилдэг жишээ болж яваа Эрдэнэт үйлдвэрийн уурхайчин хамт олон урлаг, соёлын уухай түрлэгээр амьсгалж байна. Таван жил тутамд үйлдвэрийнхээ тэгш ой бүрийн босгон дээр уурхайчдын дунд зохион байгуулдаг Урлагийн их наадам энэ удаа “Сайн сайхныг түгээе” уриан дор ийнхүү эхэллээ. “Энэ цагийн Эгэл баатрууд” Урлагийн их наадмын ерөнхий зохион байгуулагчаар Соёл, урлагийн цогцолбор, хамтран дэмжигчээр Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо ажиллаж байна.
Урлагийн их наадам Соёл, урлагийн цогцолборын их танхимд уянга эгшиг, утга төгөлдөр болж, бүтцийн цех нэгжийн авьяаслаг ажилтнууд, ахмад уурхайчдын төлөөлөгчид эгнэн мэндчилж, эхлүүллээ.
Эрдэнэт үйлдвэр хэмээх их айлын үйл ажиллагаа, хөдөлмөр зүтгэл, ололт амжилт бүхэн хэчнээн өргөн цараатай болдгийг 45 жилийн ойгоо угтсан ажлууд харуулж байна. Энэ хүрээнд болж буй уурхайчдын Урлагийн их наадам бэлтгэл сайтай, өргөн бүрэлдэхүүнтэй эхэлж байгаа нь үүний нэг илрэл юм. Эрхэм шүүгчдийн шүүлт мэргэн байж олон авьяастнууд тодрон гарна гэдэгт итгэлтэй байна” хэмээн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий инженер, 45 жилийн ойг зохион байгуулах ажлын хэсгийн дарга Т.Батмөнх нээж хэлсэн бол Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны газрын албаны дарга Д.Өнөбат үгэндээ, “Эрдэнэт үйлдвэр зөвхөн эрдэнэсийн уурхай төдийгүй авьяастны уурхай, яруу алдрын уурхай болон хөгжиж ирсэн” гэж тодотгов.
Наадмын ерөнхий шүүгчээр МУУГЗ, найруулагч Д.Одончимэг, шүүгчээр МУГЖ Д.Цэрэннадмид, МУГЖ Е.Баярмагнай нарын Эрдэнэтээс төрсөн гавьяатууд ажиллана. Мөн МУК-ын багш, доктор профессор, МУУГЗ Л.Эрдэнэчимэг, Алтан намар хөгжмийн наадмын тэргүүн байрын шагналт, хөгжмийн зохиолч, СТА Х.Мөнх-Ертөнц нар шүүгчдийн бүрэлдэхүүнд уригджээ. Уурхайчдын урлагийн их наадамд нийт 28 цех нэгжийн 13 баг өрсөлдөх бөгөөд Баяжуулах үйлдвэр, Холбоо, мэдээллийн технологи, автоматжуулалтын цехийн ажилтнуудын тоглолтоор эхэллээ.















