Жил бүрийн 11 дүгээр сарын хоёр дахь долоо хоногт тохиодог “Дэлхийн чанарын өдөр”-ийг манай улс 24 дэх удаагаа тэмдэглэж байна. Эл өдрийн цар хүрээг “Монгол Улсын Үндэсний чанарын долоо хоног” болгон өргөжүүлж, чанар стандартын мэдлэг мэдээллийг олон нийтэд сурталчлан таниулсаар ирсэн уламжлалтай.
Энэ жил, Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт хэмжил зүйн газар, МҮХАҮТ-тай хамтран “Стандарт ба хөгжил” уриатай “Үндэсний чанарын чуулган”-ыг Монгол Улсын Шадар сайдын ивээл дор зохион байгууллаа. Чуулганд “Тогтвортой хөгжлийг чанарын дэд бүтцээр дэмжих нь”, “Бизнесийн ёс зүй, комплаенсын төлөв байдал”, “Чанар ба лаборатори”, “Менежментийн тогтолцооны стандарт нэвтрүүлэлтийг амжилттай удирдах нь” зэрэг илтгэлүүд хэлэлцүүлж, “Үндэсний чанарын шагнал” гардуулах ёслолын ажиллагаа боллоо.
Энэ үеэр "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ чанар, стандартаар тэргүүлэгч “Шилдэг аж ахуйн нэгж, байгууллага”-аар шалгарлаа. Эрдэнэт үйлдвэр нь Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001, Хүний нөөцийн менежментийн ISO 30400 багц стандарт, Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо ISO 45001 стандартын хүрээнд хийсэн ажлынхаа үр дүнгээр энэхүү Үндэсний чанарын шагналыг анх удаа хүртэж байгаа юм.

Дэлхийн чанарын өдөр, Үндэсний чанарын 7 хоног нь олон улсын чанарын менежментийн тогтолцооны бүхий л ISO стандартуудыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж буй хэрэглэгчдийн эрх ашигт нийцсэн чанартай бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэгч, олон улсын нэр хүндтэй брэндийн бүтээгдэхүүнийг импортлогч болон дотоодын уламжлалт бүтээгдэхүүнийг хилийн чанадад түгээж, улсынхаа нэрийг гаргаж буй Үндэсний тохирлын тэмдэг, Тохирлын гэрчилгээ хүртсэн нийт аж ахуйн нэгж , байгууллагуудын хамтын тэмдэглэлт өдөр байдаг. Аливаа улс оронд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн менежментийн тогтолцооны стандартуудыг хэрэгжүүлсэн байгууллага олон байх тусам тухайн улсын бүтээгдэхүүн, үйлчилгээ гадаад дотоодын зах зээлд өрсөлдөх чадвар нь дээшилдэг төдийгүй энэ нь чанар, эдийн засгийн чадавх чадамжийн гол үзүүлэлт болж байна. Иймээс Чанарын мененжментийн тогтолцоо нь аливаа улс орны хөгжлийг тодорхойлж байна гэж мэргэжилтнүүд онцолдог.
Мөн стандарт нь шинжлэх ухаан, техникийн хөгжлийн тэргүүн туршлагыг нэвтрүүлэх, өндөр технологи, шинэ арга барилгыг нэвтрүүлэхэд хөгжлийн түлхүүрийн үүрэг гүйцэтгэхээс гадна хамтын ажиллагааны итгэлцлээр түншлэгч талуудад нэгдсэн ойлголтыг өгдгөөрөө ач холбогдолтой, харилцан ашигтай худалдааг дэмжих, нөөц хэмнэхэд олон улсын эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэдэг юм.
















