Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ким Жун Гү, тус яамны албан төлөөлөгчдийн хамт өнөөдөр Эрдэнэт үйлдвэрт зочиллоо. Тэрээр Баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын түүхэн музейг үзэж сонирхов. Эрдэнэт хот бол хүн амьдрахад маш таатай, намуухан сайхан хот байна хэмээн сэтгэгдлээ хуваалцсан Элчин сайд Ким Жун Гү, манай хотод анх удаа ирж байгаа аж.
“Аж үйлдвэржсэн Эрдэнэт хот улс орныхоо эдийн засагт маш их хувь нэмрээ оруулж байгаад гүн сэтгэгдэл төрлөө. Орон нутагт тэнцвэртэй хөгжлийг бий болгоход Эрдэнэт шиг том үйлдвэр, уурхайн үр өгөөж өндөр байдаг. Энд ажиллаж буй 7000 ажилтны амжилт ололт, хөдөлмөр зүтгэлийг сонсоод өөрийн эрхгүй бахархлаа. Цаашид улам ихийг бүтээж, улс эх орноо хөгжүүлэхийг хүсье” гэж Эрдэнэт үйлдвэрийн уурхайчдад мэндчилгээ уламжилсан.
Түүнчлэн, энэ удаагийн айлчлалын үр дүнгийн тухай тодруулахад, “Элчин сайдын хувиар Солонгос улсын визний материал хүлээн авах төвийг Эрдэнэт хотод байгуулах нь зүйтэй гэж шийдвэрлэлээ. Ингэснээр Эрдэнэтчүүд төдийгүй ойролцоох бүс нутгийн иргэд заавал нийслэл хотруу зорчихгүйгээр Солонгос улсад зорчих визний хүсэлтээ орон нутагтаа өгөх боломжтой болох юм. Монгол, Солонгос хоёр улс дипломат харилцаа тогтоосноос хойш 33 дахь жилтэй золголоо. Цаашид Солонгос Улсын техник технологийн хөгжил, туршлагад суурилан манай хоёр орны хамтын ажиллагааны “Алтан үе” эхэлнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн хариулсан юм.
Элчин сайд Ким Жун Гү: Солонгос улсын визний материал хүлээн авах төвийг Эрдэнэт хотод байгуулахаар шийдвэрлэлээ
Ш.Лхамсүрэн
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0















