Дэлхий нийтэд цацрагийн үүсгүүр хулгайлагдах, гэмт халдлагад өртөх, хяналтаас гаргаж хорлон сүйтгэх ажиллагаанд ашиглах эрсдэл нэмэгдэж байгаатай холбогдуулан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ХАБЭА-н хэлтсийн Цацрагийн товчоо Монголын цацрагийн хамгаалалтын нийгэмлэг ТББ-тай хамтран бүтцийн нэгжүүдийн цацрагийн хяналтын болон ХАБЭА хариуцсан ажилтнууд, зарим инженерүүд, мөн гэрээт хүчний байгууллагууд болох Гал унтраах 58 дугаар анги, Дотоодын цэргийн 816 дугаар тусгай салбар, Цагдаагийн хэлтсийн нийт 40 гаруй алба хаагч “Цацрагийн аюулгүй байдал, биет хамгаалалт” сэдэвт сургалтад хамрагдлаа. Тэд цацрагийн үүсгүүрийн харуул хамгаалалт, хяналтыг сайжруулах, байгууламжид нэвтэрч буй хүмүүсийн хяналтын системийг боловсронгуй болгох, гэмт халдлага, хорлон сүйтгэх ажиллагаанд цацраг идэвхт бодис хэрэглэхээс хэрхэн сэргийлэх талаар олон улсын сайн туршлагаас суралцаж, мэдлэг чадвар эзэмшжээ. Улсын хэмжээнд хамгийн их цацрагийн үүсгүүртэй Эрдэнэт үйлдвэр энэхүү сургалтыг Монголд анх удаа үндэсний мэргэжилтнүүдийнхээ хүчээр зохион байгуулснаараа онцлог юм. Уг сургалтад оролцогчид шинэ мэдлэг чадвар, туршлага олж авч байгаадаа баяртай байгаагаа илэрхийлсэн юм.
Одоогоос гурван жилийн өмнө Эрдэнэт үйлдвэр цацрагийн үүсгүүр хадгалах байранд биет хамгаалалтын систем нэвтрүүлсэн. Тэрхүү өндөр нарийвчлалтай, шаталсан хяналтын системийг Монголд өөр байгууллага хараахан ашиглаагүй байна. Энэхүү сургалтаар холбогдох мэргэжлийн ажилчдад чадамж олгохоос гадна Эрдэнэт үйлдвэрийн хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд олон улсын дүрэм, журам, шилдэг туршлагууд хэр нийцэж байгааг үнэлэх зорилготой юм гэж Цацрагийн хяналт, аюулгүй байдал хариуцсан Тэргүүлэх инженер Ц.Оргил ярилаа.
Эрсдэл гарсан тохиолдолд нэг нэр томьёотой, нэгдсэн ойлголттой, хэн ямар үүрэгтэй ажиллах нь тодорхой, уялдаа холбоо сайтай, ионжуулагчаас өөрийгөө болон бусдыг хамгаалах, гэмт этгээдийг саатуулах, баривчлах үйл ажиллагааг аюулгүй, хослуулан гүйцэтгэх мэдлэг чадвар эзэмшсэн нь энэ сургалтын давуу тал, ач холбогдол байлаа хэмээн оролцогчид үнэлэв.
“Цацрагийн аюулгүй байдал, биет хамгаалалт” сэдэвт сургалт болов
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0















