Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Сэлэнгэ аймгийн БОАЖГ, Экологийн цагдаагийн алба, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсийн хамтарсан ажлын хэсэг аравдугаар сарын 24-нөөс 26-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Ерөө суманд ажиллалаа. Эрдэнэт үйлдвэрийн 15 тэрбум төгрөгийн санхүүжилтээр техникийн нөхөн сэргээлт хийгдэж байгаа талбайн ажлын гүйцэтгэлтэй танилцав.
Байгаль орчин, аялал жуулчлалын яам, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хамтран “Эвдэрсэн газрын нөхөн сэргээлтийн хөтөлбөр”-ийг баталсан. Тус хөтөлбөрт Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт 2000 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийх ажлыг Эрдэнэт үйлдвэр санхүүжүүлэн хийж гүйцэтгэхээр тусгажээ. Уул уурхайн олборлолтын улмаас эвдэрч, олон жил орхигдсон 1229, 74 га талбайд, “Жинжий майнинг” ХХК, “Тотал идеал” ХХК 2023 онд техникийн нөхөн сэргээлтийн ажил гүйцэтгэхээр шалгарч, одоогоор 1080 га талбайд нөхөн сэргээлт хийгдэн, ажлын гүйцэтгэл 90 хувьтай байна. Энэ 11-р сард багтаан хийж дуусгах юм. Хамтарсан ажлын хэсэг уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч орхигдсон Ерөө сумын Харганатын ам, Могой гол, Цамхаг гол, Угтаал гол, Гозонгийн ам, Өвөрзалаатын ам гэх найман байршил, 1230 орчим га талбай бүрийн техникийн нөхөн сэргээлтийн ажлын гүйцэтгэлтэй газар дээр нь танилцаж, үнэлэлт дүгнэлт өглөө. Сэтгүүлч У.Цэрэнбат, Гэрэл зурагчин Б.Баттөгсийн бэлтгэсэн мэдээллийг цувралаар хүргэж байна.
Сэлэнгэ аймгийн БОАЖГ-ын дарга З.Түвшинтөгс:
Сэлэнгэ аймагт уул уурхайн олборлолтын улмаас эвдэрч сүйдсэн 3650 га орчим газар нутаг бий. Уул уурхайн үйлдвэрүүд, “Оюутолгой” ХХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын санхүүжилтээр 2000 гаруй га талбайд техникийн нөхөн сэргээлт хийгдлээ. Оюутолгой компани 398 га, Эрдэнэт үйлдвэр 1229,74 га талбайг нөхөн сэргээж, байгалийн унаган төрхөө олоход, нийгмийн хариуцлагын хүрээнд хөрөнгө оруулалт хийсэнд баярлалаа. Техникийн нөхөн сэргээлтийн ажлыг хамтарсан ажлын хэсэг газар дээр нь үзэж танилцаж байна.
Ерөө сумын Бугант тосгоны Байгаль хамгаалагч Т.Гансүх:
Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгө оруулалтаар техникийн нөхөн сэргээлт хийсэн талбайд газар дээр нь ажиллаж байна. Цаашдаа харж хамгаалах үүрэг нь энэ сум орон нутгийн 6300 иргэн хүлээж байна. Сэлэнгэ нутаг үржил шим сайтай. Навчит, шилмүүст мод олон төрлөөр ургаж, байгалийн баялаг, ан амьтан ихтэй. Техникийн нөхөн сэргээлт хийсэн газарт жимсний мод тарьж ургуулна. Уул уурхайн олборлолтын улмаас эвдэрч, сүйдсэн газар Ерөө голын сав дагуу 2000 га, Бугант голын сав дагуу 1500 га орчим байна гэж тоологдсон. Оюутолгой, Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид, Сэлэнгэ аймагт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон компани нөхөн сэргээлт хийж, хариуцлагатай уул уурхайн үлгэр жишээ болж байгаад баяртай байна.
БОАЖЯ-ны Уул уурхайн нөхөн сэргээлт хариуцсан мэргэжилтэн Б.Дулмаа:
Эрдэнэт үйлдвэртэй гэрээ байгуулж, техникийн нөхөн сэргээлт хийсэн хоёр компани гүйцэтгэсэн ажлаа танилцуулж, хүлээлгэж өгч байна. Нөхөн сэргээсэн газарт Харганат, Могойн гол сэргэж, голдирлоо олсон харагдаж байна. Энэ газар нутгийг дахин сүйтгүүлэхгүй, эвдэхгүй хайрлаж хамгаалах үүрэг нь орон нутагт үлдэж байна.

Ерөө сумын Харганатын аманд техникийн нөхөн сэргээлтийг маш сайн хийжээ
Техникийн нөхөн сэргээлтийн талбайн ажлын гүйцэтгэлтэй танилцсаны дараа Ерөө сумын иргэдтэй уулзаж, төслийн ажлын явц, үр дүнг танилцууллаа. Техникийн нөхөн сэргээлт хийсэн талбайд иргэн, аж ахуйн нэгжүүд дахин олборлолт явуулах эрсдэл өндөр учраас орон нутгийн иргэд, төр захиргааны байгууллагатайгаа хамтран байгалийн унаган төрх сэргэх хүртэл хайрлаж, хамгаалах нь чухал гэдгийг уулзалтын үеэр онцоллоо. Улсын хэмжээнд уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч, олон жил орхигдсон 8000 га талбай бий. Үүнээс Сэлэнгэ аймгийн Ерөө, Бугант голын сав дагуу 3650 га орчим талбай хариуцлага тооцох эзэнгүй, эвдэрч сүйдсэн гэж тоологджээ.
Сэтгэгдэл:
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг дарга Б.Сэргэлэн:
Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгө оруулалтаар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монгол Улсын Засгийн газрын түвшинд шийдвэрлэснээр манай Ерөө суманд нийт 1200 орчим га талбайд техникийн нөхөн сэргээлтийн ажил хийгдээд дуусч байна. Хариуцлагагүй уул уурхайн улмаас эвдэгдсэн энэ талбайд Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагын хүрээнд томоохон хэмжээний хөрөнгө оруулалт хийж, нөхөн сэргээсэнд талархаж байна. Нөхөн сэргээсэн талбайг хамгаалах, иргэддээ сурталчлан таниулахад холбогдох мэргэжлийн болон төрийн байгууллагуудтай хамтарч ажиллана.
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын иргэн Н.Янжинбулган:
Манай Ерөө сумын Харганатын ам гэдэг газар хийгдсэн техникийн нөхөн сэргээлт маш сайн хийгдсэн байна. Иргэд бид одоо хамгаалах хэрэгтэй. Нөхөн сэргээлт хийсэн газарт үлдэц алт байгаа гээд шунаг сэтгэлтнүүд дахин сүйтгэх вий гэж эмзэглэж, бас санаа зовж байна. Биологийн нөхөн сэргээлтийг нэн даруй хийх хэрэгтэй юм байна гэж бодож суулаа.
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын иргэн, ИНХ-ын дарга Д.Ууганжаргал:
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Нөхөн сэргээлт -2024” ажлын хүрээнд Ерөө суманд хариуцлагагүй уул уурхайн олборлолтоос үүдэлтэй газрын хэвлий хөндөгдөж, сүйрсэн хэдэн мянган га газрыг нөхөн сэргээсэнд иргэний хувьд маш их баярлаж байна. 15 тэрбум төгрөгийн, маш их мөнгө зарцуулж, олон хүний хүч хөдөлмөр, сэтгэл шингэсэн ажлаа хүлээлгэж өгч байгаа юм байна. Иргэдийн хариуцлагагүй, байгаль эх дэлхийгээ эсрэг үйл ажиллагаанаас болж, нөхөн сэргээх эзэнгүй талбайг нөхөн сэргээхийн оронд тэр их мөнгөөр улс орондоо хэрэгтэй бүтээн байгуулалт болсон бол гэж харамсаж байна. Сэлэнгэ аймгийн харьяалалтай иргэн бүр газар нутгаа дахин сүйтгүүлэхгүй байхад анхаарч, хамтран хамгаалахыг хүсэж байна.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын БОНХХ-ийн Ногоон хөгжил, нөхөн сэргээлтийн албаны дарга П.Пүрэвсүрэн:
Уул уурхайн олборлолтын улмаас эвдэрч, олон жил орхигдсон 1229,74 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийсэн хоёр компани маань хийсэн ажлаа танилцуулж, үр дүнг нь харах сайхан байна. Эрдэнэт үйлдвэрийн уурхайчин бидний сэтгэл, хүч, хөдөлмөр шингэсэн хөрөнгө оруулалт үр дүнтэй байгаасай гэж хүсэж байна. Байгаль дэлхийгээ хайрлаж, хамгаалах ажилд хамтран ажиллаж байгаа та бүхэндээ баярлалаа.



















