Засвар, механикийн заводын 45 жилийн ой, “Машин үйлдвэрлэлийн баярын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан О.Зоригтын нэрэмжит ажил мэргэжлийн уралдаан өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр боллоо. Заводын хөгжил хүний нөөцийн бодлоготой уялдан залуу ажилтнуудын мэдлэг, ур чадварын түвшинг тогтоох, тэднийг чадваржуулах зорилготой уг тэмцээнд Механик цехийн залуу үеийн токарьчин, цахилгаан ба хийн гагнуурчид оролцсоны зэрэгцээ гавьяандаа суугаа ахмад ажилтнуудаа урьж оролцуулсан юм. Уралдаанд оролцогчид цахилгаан ба хийн, гар гагнуураар оролцсон бөгөөд гагнуурын бүрэн автомат робот ашиглан, ажилчдын хийсэн зүйлд харьцуулан үнэлэлт өгсөн юм. Уралдааны дүн гарахад токарьчдаас Г.Түвшинжаргал тэргүүн байр эзэлж, Т.Ариунболд дэд, С.Батцоож гутгаар байрт шалгарлаа. Гагнуурчдаас У.Даваадорж тэргүүлж, Д.Лхагвасүрэн, Т.Эрдэнэсүх нар удааллаа.
Уралдааны үеэр Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан О.Зоригттой уулзахад: “Өнөөдөр манай цехийн ажил мэргэжлийн уралдааныг миний нэрэмжит болгон зохион байгуулж буйд баяртай байна. Уралдаанд оролцогчдодоо амжилт хүсье. Ажлын байран дээрээ ирээд сэтгэл их хангалуун байна. Үйлдвэрлэлд орчин үеийн дэвшилтэт техник, тоног төхөөрөмж ихээр нэвтрүүлснийг хараад бахархах сэтгэл төрж байна. Учир нь энэ бол Заводын хэтийн төлөвт болон Улсын хэмжээний томоохон үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд чухал нөлөөтэй юм” гэв. Механик цехэд өндөр нарийвчлал бүхий орчин үеийн тоон удирдлагатай суурь машинаар төвөгтэй хэлбэр хийцтэй тоног төхөөрөмжүүдийг өндөр чанар, гадаргуугийн цэвэршилт сайтайгаар үйлдвэрлэж буйг харуулсан үзэсгэлэн дэлгэсэн нь сонирхол татлаа.
Мөн Засвар, механикийн заводын 45 жилийн ой, Металлургичдын мэргэжлийн баярын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Г.Пүрэвийн нэрэмжит ажил мэргэжлийн уралдаан энэ сарын 18-наас 20-нд боллоо. Тэмцээнд Цутгуурын цехийн Хайлах хэсгийн 3, 4-р зэрэгтэй туслах ган хайлуулагчид оролцож, мэргэжлийн ур чадвараараа өрсөлдсөнөөс Г.Чинбат тэргүүлж, Б.Одбаяр дэд, З.Ундрахсайхан гутгаар байрт шалгарч, мөнгөн шагналаар шагнууллаа. Тус цехэд өнгөрсөн 7-р сараас байгууллагын шинэ стандарт нэвтрүүлж эхэлжээ. Өндөр маргенцат ган, элэгдэлд тэсвэртэй ширэм, нүүрстөрөгчит ганг цутгах аргаар үйлдвэрлэхэд ган хайлах, хэвлэх, илчийн боловсруулалт, технологийн процесс дээр уг стандартыг нэвтрүүлсэн байна. Уралдаанд оролцогчид энэхүү стандартыг хэрхэн мөрдөж буйг мөн үеэр шалгууллаа. Бид Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Г.Пүрэвтэй уулзахад: Би 34 жил гаруйн хөдөлмөрөө зориулсан болохоор сэтгэл, зүрх минь энд байдаг юм. Миний ажиллаж байсан үеийг бодоход цех маань үнэхээр сайхан шинэчлэгдсэн байна. Тоног төхөөрөмж эрс сайжирч, өндөр хөгжилтэй орны технологи нэвтрүүлснээр цутгаж буй металлын чанар, ажлын орчин сайжирсныг харахад үнэхээр сайхан байна” гэв.
Ийнхүү ажил мэргэжлийн уралдаан амжилттай болж, эхний хоёр байрын эздийн мэргэжлийн зэргийг ахиулахаар Заводын захиргаа, “Эрдэнэт цогцолбор” дээд сургуультай хамтран шийдвэрлэсэн байна.















