“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Соёл урлагийн цогцолбор үйлдвэрийнхээ 45 жилийн ойг угтан “Энэ цагийн эгэл баатрууд” уурхайчдын урлагийн их наадмын нээлтийг өнөөдөр зохион байгууллаа. Дуу, хөгжим, бүжгийн төрлөөр хичээллэж, урлагийн ойлголт мэдлэгээ нэмэгдүүлэхийн зэрэгцээ улсын болон Олон Улсын уралдаан тэмцээнд амжилттай оролцсон авьяаслаг сурагчдад шагнал гардуулсан юм. Мөн дугуйлангийн сурагчдын шилдэг үзүүлбэрээс бүрдсэн урлагийн тоглолт тайзнаа “амилж”, цогцолборын уран сайханчид “Учиртай гурван толгой” дуурийн хэсгээс тоглон, уурхайчин залуус бүжиглэж, үзэгч олонд бэлэг барилаа.
Ахмад, дунд, залуу гурван үеийн төлөөллөөс бүрдсэн, 90 гаруй хүний бүрэлдэхүүнтэй урлагийн наадмын нээлтэд “Эрдэнэтийн цагаан шөнө”, “Эрдэнэтийн танго”, “Уурхайчин би” дууг уран сайханчид дуулж, уурхайчин залуус латин америк болон цэнгээнт бүжгийн үзүүлбэрийг үзэгч олны мэлмийд хүргэлээ.















