Эрдэнэт үйлдвэрийн хүчин чадал өсөн нэмэгдэж буй энэ үед Баяжуулах үйлдвэрийн хаягдлын сангийн насжилтыг уртасгах, найдвартай ажиллагааг хангах зорилгоор шинэ 16 дугаар далан барих ажил намрын эхэн сараас эхэлсэн. “Онцгой даалгавар”-т энэхүү ажил урьдчилан төлөвлөснөөс түрүүлж, амжилттай явааг Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн хэсгийн ахлах мастер, 16-р далангийн Түр ажлын хэсгийн дарга Б.Баярбат мэдээллээ.
Одоогоор 3425 метр элсэн далан байгуулж дуусаад, түүнийгээ уулын цулаар хучих ажил үргэлжилж байна. Мөн маркшейдерүүдийн хэмжилтийг үндэслэн нарийн заслууд хийгдэж байгааг хэллээ. Элсэн даланг уулын цулаар хучих ажил өнөөдрийн байдлаар 2168 метртэй явна. Маркшейдерүүд өдөр бүрийн 20:00 цагт хэмжилт хийн мэдээ өгч ажиллаж байна.
Ажилчид элсэн далан байгуулах явцад 24 цагаар, тасралтгүй гурван ээлжээр ажиллаж байсан бол одоо 12 цагаар авто ачигч, экскаватор, бульдозер, автогрейдер зэрэг 10-аад хүнд механизм, өөрөө буулгагч найман автомашин ажиллаж байна. Шороон далан барих, булинга дамжуулах, хуваарилах шугамыг буулгах, угсрах иж бүрэн бүтээн байгуулалтыг 11 дүгээр сарын 30-нд дуусгах урьдчилсан төлөвлөгөө ийнхүү түрүүлж явна.

Элсэн даланг уулын цулаар хучих ажил үргэлжилж байна
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0















