Эрдэнэт үйлдвэрийн нийт Бүтээмж чанарын дугуйлангуудын дунд ажлын туршлага солилцох өдөрлөг боллоо. Энэхүү өдөрлөгийн зорилго нь үйлдвэрийн газрын Бүтээмж чанарын дугуйлангууд ажлын дадлага туршлагаа хуваалцах, харилцан мэдлэгээ дээшлүүлэхэд оршиж байв. Өдөрлөгийн үйл ажиллагаанд Засвар, механикийн завод, Автотээврийн цех, Дулааны цахилгаан станц, Тээвэр ложистикийн төв, Ган бөөрөнцгийн цехийн Бүтээмж чанарын дугуйлангийн ахлагч, мэргэжилтнүүд оролцлоо. Энэ үеэр бид зарим хүмүүсийн сэтгэгдлийг сонссон юм.
ЗМЗ-ын бүтээмж инновацийн мэргэжилтэн Г.ЭРДЭНЭДАВАА:
“Үйлдвэрийн газрын таван цехийн дугуйлангийн гишүүд харилцан туршлага солилцох, мэдлэгээ хуваалцах, бие биеэсээ суралцах зорилготойгоор энэ өдөрлөгийг Стратеги, хөгжлийн газраас санаачлан зохион байгуулж байна. Бид цехүүдийн ажлын байруудаар явж танилцлаа. Ингэснээр дугуйлангийн үйл ажиллагаа тухайн байгууллагын зорилт, алсын хараанд хэрхэн хувь нэмрээ оруулж болох вэ гэдэгт түлхүү анхаарч цаашид гишүүдийн оролцоог яаж нэмэгдүүлэх талаар санал бодлоо солилцлоо. Мөн төслийн талаар ярихаас илүү, дугуйлангийнхаа үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулдаг. Яаж хамт олноо удирддаг. Шинэ залуу гишүүдээ үйл ажиллагаандаа хэрхэн татан оролцуулдаг талаар туршлага солилцсон нь онцлог байлаа. Мэдээж сайн санал, шилдэг төслүүдийнхээ талаар ажлын туршлагаа хуваалцсан маш үр дүнтэй ажил боллоо”.
ЗМЗ-ын Үйлдвэрлэлд бэлтгэх, зохион байгуулах хэсгийн резинээр хуяглагч Х.НАРАНГАРАВ:
“Би Эрдэнэт үйлдвэрт найм дахь жилдээ ажиллаж байна. Манай дугуйлан “Би чадна” нэртэй. Бүтээмж чанарын анхны дугуйлангуудын нэг. Манай хэсэг, дугуйлангийн онцлог нь импорт орлох гол нэр төрлийн резинэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Энэ утгаараа шинэ санаачилга гаргах, шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой болохоор бүтээмжтэй ажиллах нөхцөл бүрдэж байгаа. Өмнөх жилүүдэд жижиг сайжруулалтын ажлуудыг түлхүү хийж ирсэн. Энэ жилээс манай дугуйлан илүү инновацлаг, 3 төсөл дээр ажиллаж байна. Мөн жижиг сайжруулалтын ажил ч явагдана. Ер нь илүү нарийн түвшинд бүтээмжийн ажлыг явуулахаар зорилт тавин ажиллаж байна.















